United Nations Welcome to the United Nations. It's your world.

"БҮХ НИЙТИЙН БОЛОВСРОЛЫН ДЭЛХИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ИЛТГЭЛ 2015"-ЫН НЭЭЛТ БОЛОВ

Date: 
Friday, 10 April 2015

ЮНЕСКО-гийн "2015 Education for All Global Monitoring Report" буюу "Бүх нийтийн боловсролын Дэлхийн үнэлгээний илтгэл 2015"-ын нээлт Нью-Йорк хотод 4 дүгээр сарын 9-ний өдөр НҮБ-ын Төв байранд болов.        

2000 оны 4 дүгээр сард Сенегалын Дакар хотод Дэлхийн боловсролын чуулга уулзалтад хуран чуулсан 164 орны төлөөлөгчид "Дакарын үйл ажиллагааны төлөвлөгөө", "Бүх нийтийн боловсрол: Хамтын зорилгодоо хүрэх нь" баримт бичгийн хүрээнд 2015 он гэхэд боловсролын салбарт бүх нийтээр хүрсэн байх 6 зорилтыг баталсан билээ. Үүнд бага насны хүүхдийн, түүний дотор эмзэг бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролыг сайжруулах, яс үндэс, хүйс үл харгалзан бүх хүүхдэд бага боловсролыг үнэ төлбөргүй эзэмшүүлэх, насанд хүрэгчдийн сурч боловсрох хэрэгцээг хангах, насанд хүрэгчдийн ялангуяа эмэгтэйчүүдийн 50 хувьд бичиг үсгийн боловсрол эзэмшүүлэх зэрэг зорилтууд багтсан.   

Үнэлгээний илтгэлд дэлхийн улс орнуудын Бүх нийтийн боловсролын тухай Дакарын үйл ажиллагааны хүрээний хэрэгжилтийг хянах чиглэлд олсон амжилт,  бодлогын шинэчлэл, шилдэг туршлагуудыг тодорхойлсон бөгөөд шийдвэр гаргагчид, багш, судлаачид, иргэний нийгэм, хувийн хэвшил зэрэг сурч боловсрох эрхийг хангахад оролцогч бүх талд чухал мэдээлэл, гарын авлага болжээ. 

Уг илтгэлийн Нью-Йоркын нээлтэд НҮБ-ын орлогч НБД Кристина Галлач, туслах НБД Томас Гасс, НҮБ-ын Хүүхдийн сангийн орлогч захирал Гита Рао Гупта, НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Шийдэл Сүлжээний захирал, Колумбийн Их сургуулийн "Ертөнц" хүрээлэнгийн захирал, профессор Жефри Сакс, Боловсролын төлөөх бүх нийтийн түншлэлийн захирал Алис Олбрайт нар оролцсоны зэрэгцээ Глобал илтгэлийн үзүүлэлтээр өндөр үнэлгээ авсан гишүүн орнуудын төлөөллийг тусгайлан урьсны тоонд Гана (тус Улсын Боловсролын сайд Наана Жэйн Опоку-Агиеман), Балба (тус улсын Боловсролын сайд Читралекха Ядав), Монгол (тус улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, элчин сайд О.Оч) гэсэн гурван орны төлөөлөгч үг хэлэв.

Илтгэлд 207 орны мэдээллийг ашигласан ба тэдний зөвхөн гуравны нэг нь бүх нийтийн анхан шатны боловсрол, бага ба дунд боловсролын түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах, насанд хүрэгчдийн бичиг үсэг үл мэдэх явдлыг устгах зэрэг хэмжигдэхүйц үзүүлэлттэй зорилтуудыг биелүүлсэн, зөвхөн хагас нь бүх нийтийн анхан шатны боловсролд хамруулах зорилтыг хангасан байна. Нийгэм, эдийн засгийн тэгш бус байдал, явуурал, авлига, хөрөнгө санхүүжилтын дутагдал зэргийг Бүх нийтийн боловсролын тухай Дакарын хүрээний  хэрэгжилтийг удаашруулсан хүчин зүйлсийн тоонд оруулжээ.

Монгол Улс уг илтгэлд хэмжигдэхүйц үзүүлэлттэй зорилтуудыг биелүүлсэн, боловсрол дахь жендэрийн тэгш байдлыг үндсэнд нь хангасан орны тоонд орсны зэрэгцээ Монгол Улсын боловсролын салбарын бодлого, хөтөлбөрүүд, гэр цэцэрлэг, бага сургуулийн төгсөлтийн шалгалт зэрэг олон туршлагыг илтгэлийн тодорхой хэсгүүдэд дурджээ.

Цаашид 2030 он хүртэл Дакарын хүрээний сургуулийн өмнөх, бага, дунд боловсролын тухай зорилтыг хэрэгжүүлэхэд 22 тэрбум доллар зарцуулах, боловсролын асуудлыг 2015 оноос хойших хөгжлийн зорилтын тэргүн эгнээнд тавих хэрэгтэй гэж үзсэн. Дакарын хүрээг Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулж хэрэгжүүлэх асуудлыг 5 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд БНСУ-ын Инчеон болох Дэлхийн боловсролын гуравдугаар чуулга уулзалтын үеэр дэлгэрэнгүй хэлэлцэх аж.

Илтгэлийн нээлтэд оролцсон профессор Жефри Сакс боловсролд технологийн дэвшлийг өргөнөөр нэвтрүүлэн Дакарын хүрээг бүрэн ажил хэрэг болгоход 22 биш 50 тэрбум доллар хэрэгтэй, боловсрол мэт амин чухал асуудалд өдий хэмжээний хөрөнгийг оруулах боломж бололцоо бидэнд бий гээд засгийн газрууд, хувийн хэвшлийн томоохон компаниудын анхаарлыг татаж "чимээ гаргах", "боловсролын салбарын Билл Гэйтсийг олох", улмаар "Global Education Fund" байгуулж ажиллахыг уриалсан нь хуралд оролцогчдын сонирхлыг татаж, талархлыг хүлээсэн ба асуудлыг Инчеоны Дэлхийн Боловсролын чуулга уулзалт, 7 дугаар сард Аддис Абеба хотноо болох Хөгжлийн төлөөх санхүүжилтын олон улсын бага хурал, бусад шугамаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтов.

ЮНЕСКО-гийн "2015 Education for All Global Monitoring Report"-ийн анхны нээлт 4 дүгээр сарын 9-ний өдөр Парис, Нью-Йорк, Шинэ Дели, Сантиаго хотуудад болсон  бөгөөд ойрын хугацаанд нээлт хийх орны тоонд Монгол Улсыг оруулж буйгаа ЮНЕСКО-гийн албаны хүмүүс мэдэгдлээ.