НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн Бүгд хуралдаанаар Монгол Улсын санаачилсан “Ардчиллын төлөөх боловсролын тухай” тогтоолыг хэлэлцэж батлав.
Энх тайван, сайн засаглал, тогтвортой хөгжил, хүний эрхийг хангахад ардчилал, боловсролын уялдаа холбооны чухал үүргийг нотолсон энэхүү тогтоолыг Монгол Улс 2012 оноос санаачлан НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар хоёр жил тутам батлуулж ирсэн. Долоо дахь удаагаа ийнхүү санаачлан батлуулсан уг тогтоолд гишүүн орнуудын өргөн дэмжлэгийг авч, дэлхийн бүх бүс нутгийн төлөөлөл болох 81 гишүүн улс хамтран зохиогчоор нэгдэв.
Шинэчлэн батлуулсан тогтоолд 2023 оны 11 дүгээр сард болсон ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлаар баталсан Энх тайван, хүний эрх, тогтвортой хөгжлийн төлөөх боловсролын тухай ЮНЕСКО-гийн зөвлөмжийг туссаныг онцлон тэмдэглэж байна. Түүнчлэн уг тогтоолд хүртээмжтэй, аюулгүй, тэгш чанартай боловсролд үргэлжлүүлэн хөрөнгө оруулахыг гишүүн орнуудад уриалж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын анхны бие даасан тайланг гаргасныг сайшаан тэмдэглэв. Ардчиллын төлөөх боловсролыг сайжруулахын тулд дижитал технологи, тэр дундаа хиймэл оюун ухааныг ёс зүйтэй, хариуцлагатай ашиглах арга хэмжээ авч, механизмуудыг бий болгон хэрэгжүүлэхийг гишүүн орнуудад уриалав.
МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА
БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР
2025 оны 3 дугаар сарын 4-ний өдөр