2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Ерөнхий Ассамблейн Хүний эрхийн зөвлөлийн илтгэлийг хэлэлцэх 53 дугаар бүгд хуралдаан дээр Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд үг хэлэв.
Элчин сайд С.Сүхболд үгийнхээ эхэнд өнгөрсөн долоо хоногт Парист халдлага болсонд харамсаж байна гээд монголчууд Францын ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байж, ямагт дэмжиж байгааг илэрхийлэв.
Тэрээр хэлсэн үгэндээ ХЭЗ-ийн илтгэлд дэлхий нийтийн хүний эрхийн зөрчил, сорилтуудыг бодитой тусгасан ба цаашид хүний эрх, эрх чөлөө, тэгш байдлыг хөгжүүлж, хүчирхийлэл ба ялгаварлалтай тэмцэх арга замыг тодорхойлсныг сайшаав. Мөн хүний эрхийн асуудлаар Монгол Улсын Засгийн газрын үндсэн байр суурийг дахин нотлоод хүний эрхийн боловсрол, жендэрийн тэгш байдлыг хангах ба эмэгтэйчүүдийг чадавхжуулах, хүүхдийн эрх, өндөр настай ба хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, хүн хулгайлах ба цаазаар авах ялыг халах асуудлаар тууштай алхмууд хийж байгааг мэдэгдэв.
Манай улсыг 2016-2018 оны Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдоход дэмжлэг үзүүлсэн гишүүн орнуудад Элчин сайд С.Сүхболд гүн талархал илэрхийлсэн ба Монгол Улс гишүүнчлэлийнхээ хугацаанд сайн дурын амлалтаа биелүүлэх, улмаар дэлхий дахины хүний эрхийг хөхиүлэн хамгаалах үйлсэд бүхий л хүчин чармайлтаа дайчлан ажиллах болно гэв.