Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Л.Сонор НҮБХХ, НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн газар, Шведийн Засгийн газраас зохион байгуулсан “Засгийн газрын бондоор дамжуулан тогтвортой хөгжилд хөрөнгө оруулах нь” сэдэвт тусгай арга хэмжээнд панелистаар оролцож, үг хэлэв.
Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улсад НҮБХХ-ийн тусламжтайгаар хийгдсэн “Үндэсний санхүүжилтийн нэгдсэн тогтолцоо” (INFF)-гоор Монгол Улсад “Тогтвортой хөгжил 2030” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд жилд дунджаар ДНБ-ны 18 хувьтай тэнцэх санхүүжилт шаардлагатай гэж тооцоологдсон. Энэхүү хөрөнгийг татан төвлөрүүлэхэд шинэлэг төрлийн санхүүжилтийн хэрэгсэл нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай. Манай улс ТХЗ-ын бондын хүрээ (SDG bond framework)-г боловсруулж S&P зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагаас хөндлөнгийн дүгнэлтийг гаргуулаад байна. Мөн НҮБХХ болон АХБ-ны тусламжтайгаар Sustainability-Linked Bond framework (SLP)-г батлуулахаар ажиллаж байна. 2021 оноос хойш манай улсыг ногоон бонд арилжих асуудлаар хөрөнгө оруулагчид тэр дундаа Европын зах зээл сонирхсоор байгаа. Энэ нь нэгдүгээрт Засгийн газрын санхүүжилтийн хэрэгцээг нөхөх, нөгөө талаас хөрөнгө оруулагчдыг солонгоруулах эерэг талуудтай. Гэсэн хэдий ч Монгол Улсын Засгийн газар олон улсын зах зээлд ТХЗ-д нийцсэн, ногоон бонд арилжаалахад хууль эрх зүйн болон өрийн тогтвортой байдлыг тогтоон барих зэрэг хэд хэдэн хязгаарлалтуудтай тулгарсан билээ.
Үүнд нэгдүгээрт, сүүлийн жилүүдэд өрийн тогтвортой байдлыг тогтоон барих асуудал манай улсын эдийн засгийн нэн тэргүүний асуудал байсан билээ. Улсын Их Хурлаас 3-н жил тутам баталдаг Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн баримт бичигт Монгол Улсын Засгийн газар зөвхөн дахин санхүүжилтийн буюу өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх зориулалтаар гадаад бонд арилжихыг зөвшөөрсөн байдаг. Ингэснээр бид олон улсын зах зээлээс шинээр эх үүсвэр татан төвлөрүүлэхэд хүндрэлтэй тулгарч байна. Энэхүү төсвийн сахилга батыг хэрэгжүүлснээр Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх харьцаа 2019 онд 80 хувьд хүрээд байсан бол 2023 он гэхэд тус харьцааг ДНБ-ний 40 хувь хүртэл буулгаж чадсан. Мөн шинээр бонд босгох зардал, эрсдэлийг харьцуулан судалж үзэхэд уламжлалт аргаар бонд арилжих болон ТХЗ-д нийцсэн, ногоон бонд арилжих хооронд зардлын зөрүү маш бага байгаа юм. Гэсэн хэдий ч бид цаашид “Үндэсний санхүүжилтийн нэгдсэн тогтолцоо”-гоор дамжуулан салбарын яамдтай ТХЗ-д нийцсэн өрийн хэрэгсэл үүсгэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж, төсвийн зардлын ангилалт хийх аргачлал (budget tagging)-ыг нэвтрүүлэх, тайлагналтын асуудлыг шийдвэрлэх асуудалд анхаарч ажиллаж байна гэв.
МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР
2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр