United Nations Welcome to the United Nations. It's your world.

ӨЛСГӨЛӨНГ ЗОГСООХОД ДЭД БҮТЦИЙН ХОЛБОЛТЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ СЭДЭВТ ТУСГАЙ АРГА ХЭМЖЭЭГ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Date: 
Wednesday, 17 July 2024

НҮБ-ын ЭЗНЗ-ийн Тогтвортой хөгжлийн асуудлаарх 2024 оны УТӨТЧУ-ын үеэр Польш болон Ботсвана Улсын БТГ, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал, Дэлхийн хүнсний хөтөлбөртэй хамтран “Өлсгөлөнг зогсооход дэд бүтцийн холболтын гүйцэтгэх үүрэг” сэдэвт тусгай арга хэмжээг хамтран зохион байгуулав.

Арга хэмжээний үеэр хэлэлцүүлгийг НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ерөнхий нарийн бичгийн даргын Тусгай элч төлөөлөгч Камал Кишор удирдан явуулж, хэлэлцүүлгийг Польш Улсын Гадаад харилцааны дэд сайд Якуб Вишневски болон НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Ребека Гринспан нар нээж үг хэлэв.

Панел хэлэлцүүлэгт Ботсвана Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Гладис Мохава, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн орлогч Б.Чинүүхэй, Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Нью-Йорк дахь албаны дарга Пол Шкокзулас нар хүнсний нийлүүлэлтийн сүлжээг сайжруулж, өлсгөлөнг зогсооход дэд бүтцийн холболтын үүрэг оролцооны талаар сайн туршлага, хүндрэл бэрхшээл, гишүүн орнуудад авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцуулж, санал бодлоо солилцов.

Байнгын төлөөлөгчийн орлогч Б.Чинүүхэй панел хэлэлцүүлэгт хэлсэн үгэндээ тэсвэртэй хүнсний үйлдвэрлэлийн практикийг хөгжүүлэх нь өргөн уудам нутагтай, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий манай улсын хөдөө аж ахуйн салбарт чухал ач холбогдолтойг тэмдэглээд тээврийн зардал өндөр, дэд бүтцийг хөгжүүлэх хөрөнгө оруулалт хүрэлцээгүй байгаа нь Монгол Улсын хувьд тулгамдаж буй бэрхшээлүүдийн нэг болохыг онцлов. Мөн тэрбээр эдгээр бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд үндэсний түвшинд хэрэгжүүлж буй хэд хэдэн санаачилгуудыг танилцуулсан. Тухайлбал, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хууль, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн талаар хийж хэрэгжүүлж буй ажлууд болон Дэлхийн банктай хэрэгжүүлж буй “Тээврийн холболт ба логистикийг сайжруулах тухай” төсөл зэрэг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй санал, санаачилгын талаар танилцуулав. Түүнчлэн хүнсний аюулгүй байдлын асуудлаар адил бэрхшээлтэй тулгарч буй ДГХБО-ыг бүс нутаг болон олон улсын платформуудаар дамжуулж хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг уриалж, НҮБ-ын ДГХБО-ын асуудлаарх олон улсын Гуравдугаар бага хурлын бэлтгэх хангах хорооны хамтран даргалагчийн хувиар ирэх 10-н жилийн ДГХБО-ын хөгжлийн үйл ажиллагааны хөтөлбөрт дэд бүтцийг холболтыг сайжруулах талаарх туссан онцлох арга хэмжээнүүдийн талаар тэмдэглэв.

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр