United Nations Welcome to the United Nations. It's your world.

ЭЛЧИН САЙД, БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ С.СҮХБОЛД ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 3 ДУГААР ХОРООНЫ ХУРАЛДААНД ҮГ ХЭЛЭВ

Date: 
Wednesday, 14 October 2015

Өнөөдөр Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы 3 дугаар хорооны бүгд хуралдаанд эмэгтэйчүүдийн асуудлаар үг хэлэв. Эмэгтэйчүүдийн хөгжлийн асуудал бол тус хороон дээр хамгийн өргөн хэлэлцүүлэг дагуулдаг сэдвийн нэг тул энэ удаа уг асуудлаар 125 гишүүн орон, бүс нутгийн бүлгүүд, олон улсын байгууллагын төлөөлөл үг хэлэв.  

            Элчин сайд С.Сүхболд хэлсэн үгийнхээ эхэнд Монгол Улсын Засгийн газар Бээжингийн Тунхаглал, Үйл ажиллагааны хөтөлбөр, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 23 дугаар Тусгай чуулганы төгсгөлийн баримт бичгийг хэрэгжүүлэхээр тууштай ажиллахын зэрэгцээ Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн үндэсний хэрэгжилтийн ээлжит илтгэлийг 2016 онд Конвенцийн хороогоор  хэлэлцүүлэх гэж байгааг мэдэгдэв.  

            Тэрээр цааш нь жендэрийн асуудлаарх Мянганы хөгжлийн 3 дугаар зорилтын хэрэгжүүлэлтийн алдаа, оноог дурдаж, 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтуудын 5 дугаар зорилтын хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах, охид, эмэгтэйчүүдийг чадавхжуулахын тулд бодлогын баримт бичгүүдэд жендэрийн асуудлыг тусгах,  жендэрийн асуудлыг шийдвэрлэхэд оруулах хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувийг өсгөх, охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох үйлсэд бүх талууд, түүний дотор эрэгтэйчүүд, хөвгүүдийг татан оролцуулах зэрэг чиглэлээр тууштай алхам хийж, шинэлэг арга хэмжээнүүд төлөвлөж, хэрэгжүүлэх хэрэгтэй байгааг онцоллоо.