United Nations Welcome to the United Nations. It's your world.

НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛИЙН ХОЁРДУГААР ХУРАЛДААНД ОРОЛЦОЖ, ҮГ ХЭЛЭВ

Date: 
Wednesday, 08 September 2021

Монгол Улс нь 2019-2021 оны хооронд НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-гийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Энэ оны 9 дүгээр сарын 7-ноос 10-ны өдөр цахим хэлбэрээр явагдаж буй НҮБ-ын Хүүхдийн сангийн Гүйцэтгэх зөвлөлийн 2021 оны Хоёрдугаар хуралдаанд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд оролцож, НҮБ-ын Хүүхдийн сангийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүний хувьд хуралдааны нээлтийн ажиллагааны үеэр үг хэлэв.

Байнгын төлөөлөгч В.Энхболд хэлсэн үгэндээ хүүхдийн эрхийг хамгаалах, залуучуудыг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, ололт амжилт, сорилтын талаар товч танилцуулав. Түүнчлэн НҮБ-ын Хүүхдийн сангийн шинэ Стратегийн төлөвлөгөө (2022-2025) нь Тогтвортой хөгжлийн зорилтууд дахь хүүхэд, залуучуудын эрүүл мэнд, боловсрол, эдийн засгийн чадавх, аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг байдалд тулгамдсан асуудлуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн байгааг тэмдэглээд, манай улс энэхүү Стратегийн төлөвлөгөөг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

НҮБ-ын Хүүхдийн сан нь манай улсын хөгжлийн бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэхэд тууштай дэмжлэг үзүүлж ирсэн түнш байгууллага бөгөөд улс орнуудыг Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн зөвлөгөө өгч, хөрөнгө оруулалт олоход чухал үүрэг гүйцэтгэхээс гадна Монгол Улс КОВИД-19 цар тахалтай тэмцэж, Файзер вакцин авахад техникийн туслалцаа үзүүлж, доноруудтай хамтран ажилласан байгууллага юм. 

 

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР