Нью-Йорк хотноо 4 дүгээр сарын 29-нөөс 5 дугаар сарын 3-ны өдрүүдэд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хүн ам, хөгжлийн комиссын 57 дугаар чуулган “Олон улсын хүн ам, хөгжлийн бага хурлын Үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт ба түүний Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрт оруулж буй хувь нэмэр” сэдвийн доор хуралдав.
Хүн ам, хөгжлийн комиссын 57 дугаар чуулганд манай улсаас Гадаад харилцааны яам болон НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хороо (CRPD)-ны гишүүн Д.Гэрэл нарын төлөөлөгчид оролцлоо.
Энэ жилийн чуулганы үеэр 1994 онд Кайр хотноо 179 улс хуран цуглаж баталсан Олон улсын хүн ам, хөгжлийн бага хурлын Үйл ажиллагааны хөтөлбөрийн 30 жилийн ой тохиож буйгаараа онцлог юм.
Хүн ам, хөгжлийн бага хурлын Үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжсэн өнгөрсөн 30 жилд эрүүл мэнд ба жендэрийн уялдаа холбоо, оролцоо, тэгш байдлыг хангасан бодлого, арга хэмжээнүүд хэрэгжсэн ба үүний үрээр дэлхий дахинаа зөвхөн 2000-аас 2020 оны хооронд гэхэд эхийн эндэгдэл 34 хувиар буурч, охидыг 18 наснаас өмнө гэрлүүлэх асуудал 25 хувиас 19 хувь болон буурч, гэр бүл төлөвлөлтийн орчин үеийн аргын хэрэглээ 77.6 хувь хүртэл өсч, өсвөр үеийн эрүүл мэндэд оруулах хөрөнгө оруулалт асах их нэмэгдсэн байна.
Гэвч эдгээр өсөлт, дэвшлийн зэрэгцээ КОВИД-19 цар тахал зэрэг олон хямралаас үүдэж эмэгтэйчүүд, охидын эрхийн тэгш бус байдал, ядуурал буурахгүй байх, эрүүл мэндийн үйлчилгээ, эмийн бүтээгдэхүүний олдоц, чанар хангалтгүй байх, бэлгийн болон хүйсэд суурилсан хүчирхийлэл нэмэгдэх зэрэг асуудал тулгарсаар байна.
Тиймээс Хүн ам, хөгжлийн бага хурлын Үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг цаашид хангахын тулд Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилт, Ирээдүй үеийн тунхаглалтай нягт уялдуулах, эл чиглэлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, сорилтыг бэрхшээлүүдийг даван туулахын төлөө хүний эрхийг дээдлэх зарчмаар хамтран ажиллахыг гишүүн улсууд, түншүүд, холбогдох талууд цохон тэмдэглэлээ.
Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар
2024 оны 5 дугаар сарын 6-ны өдөр