United Nations Welcome to the United Nations. It's your world.

НҮБ-ЫН БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫН ТУХАЙ ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ БОЛОВ

Date: 
Wednesday, 30 September 2020

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы хүрээнд анх удаа Биологийн олон янз байдлын тухай Дээд хэмжээний уулзалтыг “Тогтвортой хөгжлийн төлөө биологийн олон янз байдлыг дэмжих яаралтай арга хэмжээ” сэдвийн дор энэ оны 9 дүгээр сарын 30-нд Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн танхимд зохион байгуулав.

Дээд хэмжээний уулзалтыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы дарга Волкан Бозкир даргалж, НҮБ-ын гишүүн орнуудын Төр, Засгийн тэргүүн нар видео бичлэгээр үг хэлж оролцов. Төр, Засгийн тэргүүн нар биологийн олон янз байдал, нийгэм, эдийн засгийн уялдаа холбоо, ялангуяа КОВИД-19 цар тахлын дараа эдийн засаг нийгмээ сэргээхдээ байгаль орчин, экосистемийн тогтвортой байдлыг хангахад онцгой анхаарах шаардлагатайг онцлон тэмдэглэв.

Энэхүү Дээд хэмжээний уулзалтын нээлтэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес,  НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн дарга бөгөөд Пакистан Улсын Байнгын төлөөлөгч Мунир Акрам, НҮБ-ын Биологийн олон төрөл зүйлийн тухай конвенцийн оролцогч талуудын 14 дүгээр чуулганы дарга бөгөөд Египетийн Ерөнхийлөгч Мохаммед Аль-Сиси, тус конвенцийн оролцогч талуудын 15 дугаар чуулганы дарга бөгөөд БНХАУ-ын дарга Си Жиньпин нар видео мэндчилгээгээр үг хэлэв.

Монгол Улс НҮБ-ын Биологийн олон янз байдлын тухай конвенцид 1993 онд элсэн орж, улмаар 1996 онд Монгол улсын Засгийн газар “Биологийн төрөл зүйлийг хамгаалах үйл ажиллагааны үндсэн хөтөлбөр“-ийг баталсан. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы хүрээнд анх удаа Биологийн олон янз байдлын тухай Дээд хэмжээний уулзалтад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл оролцож, үг хэлэв.

Зэрлэг амьтан төдийгүй биологийн олон янз байдлыг хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улс 2030 он гэхэд дэлхийн хуурай болон далай тэнгисийн газрын 30 хувийг тусгай хамгаалалтанд авах зорилтод нэгдсэнээ илэрхийлэв. Монгол Улс одоогоор нийт газар нутгийнхаа 21%-ийг тусгай хамгаалалтад аваад, 2030 онд энэ тоог 30%-д хүргэхээр зорьж байна гэв.

Түүнчлэн “Олон улсын бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил” бий болгох санаачлагыг Монгол Улс гаргаж, энэ хүрээнд олон талт үйл ажиллагаанд тулгуурлан биологийн олон янз байдлыг хамгаалахыг эрмэлзэж байгааг БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл илэрхийлэв.

Биологийн олон төрөл зүйлийг хамгаалснаар хүн төрөлхтөн ундны усаа цэвэр байлгаж, хөрс болон хүнсээ аюулгүй байлгахад чухал ач холбогдолтойгоос гадна байгалийн гамшгаас сэргийлэхэд тустай юм.  Олон улсын хамтын нийгэмлэг Биологийн олон янз байдлыг хамгаалах 20 зорилт бүхий Аичигийн зорилтуудыг 2020 он гэхэд хэрэгжүүлэх зорилгоо биелүүлж чадаагүй тул цаашид илүү идэвхтэй хамтран ажилласнаар зөвхөн байгаль орчны бус эх дэлхийн эрүүл мэндийг хамгаалахад чухал гэдгийг тус Дээд хэмжээний уулзалтад оролцсон Төр, Засгийн тэргүүн, хувийн хэвшил, засгийн газар хоорондын байгууллага, НҮБ-ын системын байгууллагууд болон  иргэний нийгэм, залуучуудын байгууллагууд онцлов.

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр