United Nations Welcome to the United Nations. It's your world.

МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ АЛБАТАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

Date: 
Monday, 11 October 2021

Монгол Улс НҮБ-тай олон улсын терроризмын болон үндэстэн дамнасан гэмт хэргийн аюул заналыг бууруулах зорилгоор “Террорист этгээд болон онц ноцтой гэмт этгээдийн хөдөлгөөнийг илрүүлэх чадамжийг бэхжүүлэх хөтөлбөр”-ийг албан ёсоор хамтран хэрэгжүүлэх хүрээнд тус байгууллагын Терроризмтой тэмцэх албатай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдөр НҮБ-ын төв байранд болов. Уг арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Терроризмтой тэмцэх зөвлөлийн дарга, хошууч генерал П.Одонбаатар, НҮБ-ыг төлөөлж тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Терроризмтой тэмцэх албаны дарга Владимир Воронков нар санамж бичигт гарын үсэг зурав. Ингэснээр Монгол Улс НҮБ-ын “Террорист этгээдийн хөдөлгөөнд хяналт тавих хөтөлбөр”-т хамрагдаж буй 48 дахь гишүүн улс болж байна. 

Террорист этгээдийн хөдөлгөөнд хяналт тавих хөтөлбөр” нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2178 (2014), 2396 (2017), 2482 (2019) тогтоолуудын хэрэгжилтийг хангах, олон улсын стандарт, зөвлөмж, хүний эрхийн зарчимд нийцүүлэн олон улсын мэдээлэл солилцох чадавхыг сайжруулах зорилготой. 

НҮБ-ын Терроризмтой тэмцэх албаны тэргүүн зорилтуудын нэг нь түншлэлийг бэхжүүлж гишүүн орнуудын терроризмтой тэмцэх, урьдчилан сэргийлэх хүчин чармайлтыг дэмжих юм. НҮБ-ын Терроризмтой тэмцэх хорооны ажлын алба, Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба, Олон улсын иргэний нисэхийн байгууллага, Мэдээлэл, харилцаа холбооны технологийн алба, Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллагатай хамтран НҮБ-ын Терроризмтой тэмцэх албанаас удирдан зохион байгуулж буй энэхүү хөтөлбөр нь хамрагдаж буй гишүүн орнуудад иж бүрэн, тухайн улсад нь зохицохуйц туслалцаа  үзүүлдэг.

Манай улс дээрх санаачилгад нэгдсэнээр террорист этгээд, онц ноцтой гэмт хэрэгтнийг зорчигчийн урьдчилсан мэдээлэл, зорчигчийн нэр бүртгэлийн өгөгдөл, тогтоогдсон болон сэжиглэгдэж буй террорист этгээд, гэмт хэрэгтний талаарх Интерполын, олон улсын болон үндэсний өгөгдөл, мэдээллийн сангуудыг ашиглан илрүүлэх, саатуулах чиглэлээр Монгол Улсын чадавхыг бэхжүүлэх хөтөлбөрийг НҮБ-аас хэрэгжүүлж эхлэхээр болж байна.

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 2021-10-11 өдөр