United Nations Welcome to the United Nations. It's your world.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч В.Энхболд Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа.

Date: 
Friday, 03 December 2021

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч В.Энхболд Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа. Суурин зохицуулагч Тапан Мишра сүүлийн жилүүдэд НҮБ-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүд, түүний дотор 2023-2027 онд хэрэгжүүлэх ”Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийн төсөл боловсруулах үйл явцын талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Улмаар хүний хөгжил ба сайн сайхан аж амьдрал, ногоон, хүртээмжтэй өсөлт, хүн төвтэй засаглал, хүний эрх, эрх зүйт төр гэсэн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон, ТХЗ-ын хэрэгжилтийн хэрэгжилтийн арга  хэлбэрийг дэмжихийн тулд олон улсын бусад байгууллага, хандивлагчидтай улам бүр уялдаа, нэгдэлтэй ажиллах арга замыг судалж байна гэлээ.

Байнгын төлөөлөгч В.Энхболд Суурин зохицуулагч Тапан Мишрад Монгол-НҮБ-ын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг хэрэгжүүлэх хүрээн дэх БТГ-ын үйл ажиллагаа болон Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид НҮБ-ын ЕА-н 76 дугаар чуулганы үндсэн хэсгийн үйл ажиллагаанд оролцож байгаа  үйл явцын талаар мэдээлэл өгөв.

В.Энхболд, Тапан Мишра нар Монгол-НҮБ-ын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх болон НҮБ-аас Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх ”Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийн төсөл боловсруулах, хэрэгжүүлэх үйл явцад хамтран ажиллах боломж, арга замын талаар санал солилцлоо.  

Уулзалтад Нью-Йорк дахь НҮБ-ын Хөгжлийн зохицуулах газар (UN Development Coordination Office)-ын ажилтан Нармина Гулиева, БТГ-ын дипломат ажилтнууд байлцлаа.