United Nations Welcome to the United Nations. It's your world.

"МОНГОЛОЙД" НЭРШЛИЙН БУРУУ ХЭРЭГЛЭЭГ ХАЛАХ АСУУДЛААР АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Date: 
Tuesday, 22 March 2016

Дэлхийн Даун синдромын өдөр буюу 3 дугаар сарын 21-ний өдөр, мөн өдрүүдэд НҮБ-ын Төв байранд  болж буй Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 60 дугаар чуулганыг тохиолдуулан Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас "Даун синдромтой хүмүүсийн тухай хэвшмэл ойлголтыг өөрчлөх нь: Монгол хэмээх үгийн утга" сэдэвт арга хэмжээг зохион байгуулав. Уг арга хэмжээ нь Даун синдром өвчнийг "монголизм", "монгол тэнэгрэл", уг өвчтэй хүмүүсийг “монголоид” хэмээн нэрлэх буруу практикийг халах асуудлаар гишүүн орнууд, НҮБ-ын холбогдох нэгж, төрөлжсөн байгууллагууд, судлаачид, ТББ-уудын дунд хэлэлцүүлэг өрнүүлэх зорилгоор хилийн чанадад зохион байгуулж буй анхны арга хэмжээ боллоо.

Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболдын удирдан явуулсан уг арга хэмжээнд сүүлийн жилүүдэд "монголоид" хэмээх үгийн буруу хэрэглээний эсрэг ном бичиж, нийгмийн сүлжээгээр дамжуулан тууштай үйл ажиллагаа явуулж буй Шотландад амьдардаг Монголын иргэн П.Ууганбаяр (Ууганаа Рамсай),  Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Нью-Йорк дахь салбарын Гүйцэтгэх захирал Др. Ната Менабде, Даун синдром интернэшнл олон улсын байгууллагын Гүйцэтгэх захирал  Эндрю Бойз нар илтгэгчээр оролцов.

Алс холын Шотланд улсад даун синдромтой төрж, гуравхан сар амьдарсан хүүгийнхээ түүхээр дамжуулан  "монголоид" хэмээх нэршлийн гарал үүсэл, холбогдох үгсийн буруу хэрэглээ, тэдгээрийн монгол угсаа гарлын хүмүүсийн нэр төр, сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж байгаа тухай Ууганбаярын илтгэлийг оролцогчид ихээхэн сонирхож байв.    

 

ДЭМБ-ын Нью-Йорк дахь салбарын Гүйцэтгэх захирал Др.Ната Менабде "Даун синдром өвчтэй хүмүүсийг монголоид хэмээн нэрлэх нь буруу, шудрага бус, шинжлэх ухаанч бус нэршил юм" гэж мэдэгдэн цаашид энэ үгийн буруу хэрэглээг залруулах чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна гэв. Даун синдромын тухай олон нийтийн мэдлэг, мэдээллийг сайжруулах, даун синдромтой хүмүүсийг өвчтэй хүн гэхээс илүү хүн гэдэг талаас нь харж нийгмийн амьдралд бүх талаар татан оролцуулж, тэдэнтэй найзалж нөхөрлөх нь дээрх буруу практикийг халах хамгийн зөв арга зам гэж энэ чиглэлийн хамгийн том олон улсын ТББ болох Лондонд төвтэй Даун Синдром Интернэшнл байгууллагын Гүйцэтгэх захирал  Эндрю Бойз хэлснийг арга хэмжээнд оролцогчид сайшааж хүлээн авав.

"Даун синдромтой хүмүүсийн тухай хэвшмэл ойлголтыг өөрчлөх нь: Монгол хэмээх үгийн утга" арга хэмжээнд албаны төлөөлөгчдөөс гадна даун синдром өвчтэй хүмүүс, тэдний гэр бүл, мөн Нью-Йорк хотноо ажиллаж амьдарч буй монгол иргэд, судлаачдын төлөөлөл оролцлоо.