Монгол Улс 1980-аад оноос Зүүн хойд Азийн яриа хэлэлцээний механизмыг бий болгох саналыг дэвшүүлж ирсэн. Улмаар 2013 онд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээг (Ulaanbaatar Dialogue Initiative on Northeast Asian Security) эхлүүлэх санаачилгыг дэвшүүлсэн. Энэхүү санаачилгаар Солонгосын хойгийн асуудлыг энхийн замаар шийдвэрлэх, зогсонги байгаа асуудлуудыг урагшлуулахад дэмжлэг үзүүлэх гарцыг нээхийг зорьсон.
Манай улс Улаанбаатарын яриа хэлэлцээг хэрэгжүүлэхэд аль нэг улс, нэг талын эрх ашгийг давуу тавихгүй, оролцогч талуудын саналыг хүндэтгэн, хэлэлцэх сэдэв, хамтран ажиллах арга зам, албан болон албан бус уулзалтыг бүх шатанд хийн, дүнг хэлэлцэж байх, яриа хэлэлцээний замаар бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг хангах урт хугацааны зорилт дэвшүүлэн, өргөн хүрээнд итгэлцлийн үндсэн дээр явуулах зорилготой.
Түүнчлэн, Зүүн Хойд Азийн улсуудтай уламжлалт сайн харилцаатай байдаг давуу байдлаа ашиглан хоёр талын яриа хэлэлцээг эхлүүлэх суурийг тавьж, дараа нь гурван талт цаашилбал, олон талт болгох чиглэлд чармайж ажиллана гэсэн зарчмыг баримталж ирэв.
“Улаанбаатарын яриа хэлэлцээ” нь бүс нутгийн хэмжээнд өрнөж буй яриа хэлэлцээний бусад механизмаас хэлэлцэх асуудлын хамрах хүрээ, оролцогчдын төлөөллөөрөө онцлог төдийгүй Улаанбаатар хотыг ЗХА-ийн улсуудын асуудлаа шийдвэрлэх, байр сууриа ойртуулах боломж олгох нэгэн чухал газар болгох зорилготой санаачилга юм.
Монгол Улс Зүүн хойд Азийн бүс нутагт яриа хэлэлцээний механизмыг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор 2014 оноос эхлэн “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлыг тогтмол зохион байгуулж ирсэн.
Манай улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын үндсэн зарчимд нийцсэн энэхүү арга хэмжээг өнгөрсөн хугацаанд 7 удаа зохион байгуулсан. Тус бага хурлыг албаны болон эрдэмтэн судлаачдын хосолсон буюу 1.5 сувгийн түвшинд 2017 оноос зохион байгуулсан.
Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 8 дугаар бага хурлыг 2023 оны 6 дугаар сарын 15–16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэнтэй хамтран 1.5 сувгаар зохион байгуулна.
Бага хуралд Зүүн хойд Азийн орнуудаас гадна Канад, Эстони, Казахстан, Филиппин, Турк, АНУ, Вьетнам зэрэг 20 гаруй улс, 30 орчим олон улсын байгууллага, судалгааны хүрээлэнгийн нийт 150 гаруй төлөөлөгч оролцоно.
Бага хурлыг “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын сорилт, боломж”, “Зүүн хойд Ази дахь олон талт хамтын ажиллагаа”, “Зүүн хойд Азийн энх тайвны ирээдүй”, “Зүүн хойд Ази дахь цар тахлын дараах эдийн засгийн хамтын ажиллагаа”, “Зүүн хойд Ази дахь эрчим хүчний хамтын ажиллагааг дэмжих нь” гэсэн үндсэн таван салбар хуралдааны хүрээнд зохион байгуулна.