United Nations Welcome to the United Nations. It's your world.

ДАЛАЙ, ТЭНГИСИЙН НӨӨЦИЙГ ХАМГААЛАХ, АШИГЛАХЫН АЧ ХОЛБОГДОЛЫГ ОНЦЛОВ

Date: 
Friday, 09 June 2017

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд 2017 оны 6 дугаар сарын 9-нд “Далай тэнгисийн нөөцийг хамгаалах, нөөцийг тогтвортой хөгжилд зүй зохистой ашиглах” тухай Тогтвортой хөгжлийн 14 дэх зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх бага хурлын бүгд хуралдаанд оролцож, үг хэлэв.

Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улс нь далайн асуудлаарх олон улсын 23 гэрээ, конвенц, протоколд нэгдэн орсон, Олон улсын далайн байгууллагын гишүүн орон гэдгийг онцлоод, Далайд гарцгүй хөгжиж буй орны хувьд далайн эрэг бүхий улсуудын нэгэн адил олон улсын худалдаанаас эдийн засгийн үр өгөөж хүртэхийг эрмэлзэн хөрш орнуудаар дамжин далайн гарцтай болох, далайд тээвэр хийх, улмаар Монгол Улсын гадаад худалдааг саадгүй явуулах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаагаа тэмдэглэв.

Түүнчлэн, Далайд гарцгүй хөгжиж буй орнууд “Далай тэнгисийн нөөцийг хамгаалах, нөөцийг тогтвортой хөгжилд зүй зохистой ашиглах” тухай Тогтвортой хөгжлийн 14 дэх зорилтыг хэрэгжүүлэхэд тодорхой сорилтуудтай тулгарч байгаа ба тэдгээр сорилт, хүндрэл, саад бэрхшээлийг даван гарахад өөрийн улсын чадавх, боловсон хүчинг бэхжүүлэх, техник, технологийн туслалцаа чухалыг дурдав.

 

 

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

2017 оны 6 дугаар сарын 9