United Nations Welcome to the United Nations. It's your world.

ГУРВАН САЯ ДАХЬ ИРГЭНИЙГ ГАЗАР НУТГИЙН БАЙРШИЛ ҮЛ ХАМААРАН ТОДРУУЛНА

Date: 
Tuesday, 27 January 2015

Гурван сая дахь иргэнийг тодруулах, алдаршуулах талаар ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын гурван сая дахь иргэнийг угтах бэлтгэлийг хангах Хамтарсан ажлын хэсгийн дарга Б.Отгонжаргалаас зарим тодруулгыг авлаа.

-Ойрын өдрүүдэд Монгол Улсын гурван сая дахь иргэнийг тодруулна гэсэн яриа их гарч байна. Монгол Улсын гурван сая дахь иргэнийг угтан авах бэлтгэл ажил хэр хангагдсан бэ?

Манай улс нь хүн амын өсөлтийг дэмжсэн бодлого хэрэгжүүлдэг бөгөөд хүн ам өсөн нэмэгдэж 3 саяд хүрэх нь цөөхөн хүн амтай манай улсын хувьд тэмдэглүүштэй үйл явдал мөн. Иймд Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний чацуутныг тодорхойлж, алдаршуулахад чухал ач холбогдол өгч энэхүү ажлыг улс даяар удирдан зохион байгуулах үүрэг бүхий комиссыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 7 дугаар захирамжаар, бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайд, Үндэсний статистикийн хорооны даргын хамтарсан тушаалаар тус тус байгуулж ажилласан. Юуны өмнө Монгол Улсын гурван сая дахь иргэнийг ЭРҮҮЛ ЭСЭН МЭНД хүлээн авахад гол анхаарлаа хандуулсан. Эрүүл мэндийн салбараас эх нярайг эрүүл төрүүлэх, төрөлтийг зөв удирдах, эх барих, нярайн чиглэлээр зохих сургалтуудыг зохион байгууллаа. Эх барих эмэгтэйчүүдийн эмч нарыг жирэмсний үеийн, төрөлтийн үеийн, төрсний дараах үеийн эмнэлэгийн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх талаарх шатчилсан сургалтуудад хамруулсан. Тэднийг ажлын байран дээр нь нарийн мэргэшлийн эмч нарын удирдлагын дор мэргэшүүлсэн. Эх барих, нярайн тасгуудад зохих техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, эмнэлгийн ажилтнуудын үйл ажиллагааг ил тод байлгах, хяналтыг сайжруулах, ёс зүй, хариуцлагыг өндөржүүлэх үүднээс камержуулж, одоогоор эх барих, нярайн өрөөний 50 хувь нь камержсан байна. Түүнчлэн бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсын гурван сая дахь иргэнийг тодруулах журмыг боловсруулж, гурван сая дахь иргэнийг алдаршуулан  урамшуулах, тэтгэмжийн арга хэмжээ, хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүллээ.
-Монгол Улсын гурван сая дахь иргэнийг яг хэдийгээр тодруулах бол? Өмнө нь Монгол Улсын хүн амыг нэг сая, хоёр сая болоход тодруулж байсан уу?
Энэ шинэ ажил бишээ. Монгол Улс 1962 оны 10 дугаар сард 1 сая, 1988 оны 7 дугаар сард 2 сая хүн амтай болсон гэж тэмдэглэгдэн үлдсэн нь сая сая дахь иргэнийг тодруулж байсныг гэрчилж байна. Харин ГУРВАН САЯ дахь иргэн  2015 оны 1 дүгээр сард төрөхөөр байгаа.
-Гурван сая дахь иргэнийг хэрхэн тодруулах вэ?
Монгол Улсын ГУРВАН САЯ дахь иргэнийг Үндэсний статистикийн хорооны даргын 2014 оны А/162 дугаар тушаалаар баталсан “Монгол Улсын гурван  сая дахь иргэнийг тодруулах журам”-ын дагуу тодруулна.
-Хэдэн иргэнийг гурван сая дахь иргэнээр өргөмжлөх вэ?
Монгол Улсын гурван  сая дахь иргэн нэг хүүхэд байна. Харин гурван  сая дахь иргэн мэндэлсэн тухайн өдөр төрсөн хүүхдүүдийг  түүний чацуутан гэж үзнэ.
-Гурван  сая дахь иргэнийг аймаг, хотын хаана тодруулах бол. Энэ талаар танилцуулахгүй юу?
Бидний баримтлах журмаар энэ оны эхнээс мэндэлсэн хугацаагаар нь дараалуулсан Монгол Улсын харьяат хүүхдүүдийн жагсаалт, тухайн хугацаанд ногдох нас баралтыг тооцон Монгол Улсын гурван сая дахь иргэнийг тодруулна. Энэ нь Монгол Улсын харьяат хүүхдийг газар нутгийн байршлаас үл хамааран тодруулна гэсэн үг юм.
-Тэгвэл гадаадад төрсөн Монгол хүүхэд Монгол Улсын гурван сая дахь иргэнээр тодорч болно гэсэн үг үү?
Тиймээ. Хэрэв Монгол Улсын иргэн гадаадад төрсөн бол түүний мэдээллийг батлагдсан маягтаар зөвхөн тухайн өдөрт багтаан бүртгэж, графикт хугацаанд ирүүлсэн баримтыг үндэслэн тооцно гэж журамд заасан байгаа.
-Гурван сая дахь иргэнийг хэрхэн алдаршуулж,  ямар урамшуулал үзүүлэх вэ?
Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний чацуутнуудыг тус тус алдаршуулна. Гурван сая дахь иргэн, түүний чацуутнуудад батламж, тэмдэг гардуулна. “Монгол Улсын гурван сая дахь иргэнийг тодруулах, алдаршуулах тухай” Засгийн газрын 2014 оны 400 дугаар тогтоолын дагуу Монгол Улсын гурван сая дахь иргэнийг 70,0 /далан/ сая  хүртэл төгрөгийн  үнэтэй орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагналаар шагнана. Харин Монгол Улсын гурван сая дахь иргэний тухайн өдөр төрсөн чацуутнуудад 3  /гурван/ сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгон, алдаршуулах арга хэмжээ авна. Энэхүү арга хэмжээнд ойролцоогоор 250 гаруй хүүхэд хамрагдах болов уу гэж тооцож байна. Түүнчлэн уг тогтоолоор Монгол Улсын гурван сая дахь иргэний мэндэлсэн цаг хугацаанд хамгийн ойр мэндэлсэн нэг чацуутанг 70,0 /далан/ сая хүртэл төгрөгийн үнэтэй орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний  мөнгөн шагналаар шагнах, АЛДАРШУУЛАХ ажлыг орон нутагтаа зохион байгуулахыг  аймаг, нийслэлийн дүүргийн Засаг дарга нарт зөвшөөрсөн байгаа.
-Гурван сая дахь иргэн орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, 3 сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмжийг хоёуланг нь нь авах уу?
Үгүй. Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутнуудад олгох 3 сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмжийг орон сууц  буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагналтай давхардуулан олгохгүй.

-Таны ярианаас бид  Монгол Улсын гурван сая дахь иргэнийг угтахад бэлэн гэж ойлгож болох уу?

Бид Монгол Улсын гурван сая дахь иргэнийг эсэн мэнд өлгийдөн авах бэлтгэл ажлыг үндсэндээ хангасан. Энэ ажилд эрүүл мэндийн салбар, статистикийн ажилтнууд, холбогдох бүх шатны байгууллагын удирдлага, ажилтнууд идэвхтэй  ажиллаж байна.