United Nations Welcome to the United Nations. It's your world.

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР ӨМНӨД СУДАН УЛСАД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ ЭНХИЙГ САХИУЛАГЧДАД ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГӨВ

Date: 
Friday, 11 November 2022

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний 12 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнтэй Батлан хамгаалахын сайд уулзах үеэрээ дараах үүрэг чиглэл, захиас даалгаварыг өгөв.

Дэлхийн цэрэг-улс төрийн нөхцөл байдал, төр, засаг, батлан хамгаалахын удирдлагаас энхийг дэмжих ажиллагааны чиглэлээр баримталж буй бодлого, зорилтын талаар мэдээлэл өгч, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэхтэй холбогдуулан зарим үүрэг, чиглэл өгсөнийг товч сийбүүлбэл:

A group of men sitting at a table</p>
<p>Description automatically generated with low confidence

Өнөөдөр дэлхийн зарим тив, бүс нутгийн хэмжээнд цэрэг-улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй, тогтворгүй байгаа. Дэлхийн хэмжээнд явагдаж буй дайн, зэвсэгт мөргөлдөөний 80 орчим хувь нь Ази болон Африк тивд өрнөж байна. Улмаар Та бүгдийн үүрэг гүйцэтгэх БНӨСУ-ын цэрэг-улс төрийн цагийн байдал өнөөг хүртэл тогтворгүй хэвээр, харин ч улам хурцадмал, тогтворгүй болж, эрх баригчдын хоорондын зөрчил, маргаан ихэссээр байна.

Өнөөдрийн байдлаар БНӨСУ, Абей муж, Баруун Сахар, БНАКонгоУ, Йемэн зэрэг 5 улсын нутаг дэвсгэрт явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд штабын ажилтан, цэргийн мэргэжилтнээр 33, Өмнөд Судан Улсад явагдаж буй “UNMISS” ажиллагааны цэргийн багт 848, нийт 881 цэргийн алба хаагч үүргээ нэр төртэй биелүүлж байгаа бөгөөд НҮБ-ын цэрэг хандивлагч орнуудаас эхний 23-т жагсаж байна. Энэ нь бас нэгэн онцгойлох амжилт юм.

Цаашид Монгол Улсын Зэвсэгт хүчнээс энхийг дэмжих ажиллагаанд оролцох төрөл, хэлбэрийг нэмэгдүүлж, төрөл, тусгай мэргэжлийн салбар, нэгжүүдийг оролцуулахаар “НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны чадавхын бэлэн байдлын систем”-д 2017 онд “Инженерийн рот”-ыг, 2019 онд “Түргэн байрлах хүчний рот”, “Цэргийн хээрийн 2 дугаар шатны эмнэлэг”, 2021 онд хоёр дахь “Мотобуудлагын батальон”-ыг бүртгүүлж, 2021, 2022 онд “НҮБ-ын үнэлгээний бүлгийн үзлэг”-т цэргийн багуудын үндсэн болон өөрийгөө хангах техник, тоног төхөөрөмж, бэлэн байдал, бие бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадварын түвшинг амжилттай шалгуулсан. Уг асуудлын хүрээнд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс “Түргэн байрлах хүчний рот”, “Цэргийн хээрийн II шатны эмнэлэг”-ийг оролцуулах бэлтгэлийг хангах тухай асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчтай зөвшилцөж, улмаар Засгийн газрын болон ҮАБЗ-ийн хуралдаанаар хэлэлцүүлж, холбогдох шийдвэрүүдийг гаргуулан ажиллаж байна.

Батлан хамгаалахын сайдын хувьд Та бүхэнд ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэхдээ анхаарч ажиллах дараах хэдэн зүйлийг захиж хэлье.

  Өнөөдөр НҮБ-аас энхийг сахиулах ажиллагааны талаар баримтлах бодлогоо улам чангатгаж, тавигдах шаардлага, мөрдөх дүрэм, журам, заавар нь улам нарийн болж байна.

 Тухайлбал, энхийг сахиулах ажиллагааны бүтэц, зохион байгуулалтын уламжлалт тогтолцооноос татгалзаж, аль болох бага хүчээр, өндөр үр дүн үзүүлэх хэлбэр лүү шилжиж, техник, технологийн дэвшлийг салбар, нэгж бүрт нэвтрүүлэн, цомхон, түргэн маневрлах, хүчин чадал сайтай жижиг салбар, нэгжийг ажиллагаанд үүрэг гүйцэтгүүлэх бодлогыг баримтлах боллоо.

 Түүнчлэн цэргийн багт тавигдах шаардлага улам нарийсч, цэргийн техник, хэрэгсэл нь ажиллахгүй бол түүнд үүрэг гүйцэтгэх цэрэг мөн ажилгүй болно гэж үзэн, цэргийн алба хаагчид олгох нөхөн төлбөр, техник, хэрэгслэлийг ашигласны түрээсийг хасах, зэвсэг, цэргийн техникийг шинэчилж, үүрэг гүйцэтгэхэд байнга бэлэн байлгахыг шаардах болсон. Иймд цэргийн баг нэгдмэл, нэгэн санаа, зорилготой байж, даалгасан үүргээ амжилттай гүйцэтгэхэд анхаарч, цэргийн алба хаагч бүр томилгоот албан тушаалын үүргээ ухамсарлан ойлгох хэрэгтэй;

  Нийт алба хаагчдад НҮБ-ын талаарх ойлголт, Энхийг сахиулах ажиллагаанд хэрэглэгдэж байгаа дүрэм, журам, заавруудын талаар мэдээлэл, сургалт, сурталчилгааг тогтмол хийж хэвшүүлэх

Цэргийн алба хаагчдад хууль, эрх зүйн мэдээллийг тогтмол хийж байх.

  Ажиллагааны газар оронд үүсэх цагийн байдлын хүндрэлтэй нөхцөл байдлыг зөв үнэлж, алба хаагчдыг эрсдэлд оруулах алдаатай шийдвэр гаргахаас зайлсхийж, зохих бэлтгэл, сургалт, дадлагыг тогтмол хийх;

Цэргийн багийн бие бүрэлдэхүүний аюулгүй байдалд байнга анхаарал тавьж, тэдний эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчин, тахлаас урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээг авах;

Үүрэг гүйцэтгэж байгаа улсын ард түмний соёл, ёс заншил, уламжлалыг байнга хүндэтгэж, соёлтой хандах, нутгийн иргэдтэй найрсаг харилцаатай байж, тэдэнтэй хүндэтгэлтэй харьцах;

Тухайн орон нутгийн иргэд, хүүхэд, эмэгтэйчүүд, хөгшидтэй тэгш харьцах, цэргийн багийн боломжид тулгуурлан хүмүүнлэгийн ажиллагааг зохион байгуулах;

Цэргийн алба хаагч бүр бие биендээ түшиг болж, нэгэндээ туслах, дэмжлэг үзүүлэх, хамтран багаар ажиллах;

Үүрэг гүйцэтгэх хугацаандаа өөрсдийгөө хөгжүүлэх, энэ цаг хугацаа дахин олдохгүй, цэргийн алба хаагч бүр өөртөө зорилго тавь, гадаад хэл сур, цэргийн нийтлэг дүрмүүдийг судлуулах зэргээр холбогдох сургалт, суртал, хүмүүжлийн ажлыг тогтмол зохион байгуулах зэргийг хэлье.

Та бүхэн тайван бус, газар орны хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа гэдгээ алхам тутамдаа байнга санаж яваарай. Монгол Улсын төр засаг, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдлагаас хүлээлгэсэн нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ амжилттай гүйцэтгэж, Цэргийн багийн удирдлагаас гаргасан шийдвэрийг ёсчлон биелүүлж, бие биендээ анхаарал халамж тавьж, үүргээ сонор сэрэмжтэй, өндөр түвшинд гүйцэтгэнэ гэдэгт сайдын хувьд итгэл төгс байна.

 Эх орон, ард түмэндээ өргөсөн тангарагтай энхийг сахиулагч дайчид Та бүхэндээ эрүүл энх, аз хийморь, сайн сайхан бүхнийг хүсэхийн ялдамд үүргээ амжилттай гүйцэтгэн эргэн уулзахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье гэв.