3 дугаар сарын 21-ны өдөр Нью Йорк хотноо НҮБ-ын төв байранд Олон улсын
Ойн өдөр, Дэлхийн усны өдрийг тохиолдуулан НҮБ-ын Ойн форумаас зохион
байгуулсан хуралд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин
сайд, Байнгын төлөөлөгч, С.Сүхболд оролцон үг хэлэв. Тэрбээр Монгол орон ой, усны
хязгаарлагдмал нөөцтэй орны хувьд ой, усны нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалах
чиглэлээр төр, засгийн зүгээс ихээхэн ач холбогдол өгч ирснийг онцлоод өнгөрсөн онд
баталсан даян дэлхийн Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн зорилтуудыг
хэрэгжүүлэхэд ой, усны нөөцийн тогтвортой менежмент ихээхэн үүрэгтэйг цохон
тэмдэглэв.
Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, хүний хүчин зүйлийн нөлөөгөөр ой,
усны нөөц хомсдох, ус бохирдох, хөрсний доройтол, цөлжилт үүсэх зэрэг байгаль орчны
тулгамдсан асуудлууд өсөн нэмэгдэж буйг дурдаад Монгол Улсын Засгийн газар ой,
усны нөөцийг хамгаалах үндэсний хөтөлбөр батлан хэрэгжүүлж, ялангуяа нутгийн
иргэдэд түшиглэсэн ойн менежментийг хөгжүүлэх, усны сав газрын менежментийн
тогтолцоог бүрдүүлэх зэрэг олон чухал арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа талаар
танилцуулав.