Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы хуралдаанд оролцох үеэрээ Гүрж Улсын Гадаад хэргийн сайд Михеил Жанелидзе-тэй 9 дүгээр сарын 21-нд НҮБ-ын Төв байранд уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зарим асуудлаар санал солилцов.
Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд нар хоёр улсын хооронд харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгаа тэмдэглээд уламжлалт харилцаагаа сэргээн идэвхжүүлэх, өндөр, дээд хэмжээний төлөөлөгчид харилцан солилцох, аялал жуулчлалын салбарт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, Гадаад хэргийн яамд хооронд улс төрийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах зэрэг асуудлаар санал солилцов. БНХАУ, Европын Холбоо, ОХУ, Түрк зэрэг улс орон, байгууллагатай чөлөөт худалдааны хэлэлцээрийг амжилттай байгуулсан гүржийн туршлагыг Монгол Улс ихээхэн сонирхож байгааг илэрхийлээд Монголын ГХЯ-ны туршлага судлах багийг энэ ондоо багтаан Гүрж Улсад илгээхээр хоёр тал тохиролцов.