United Nations Welcome to the United Nations. It's your world.

НҮБ-ААС МОНГОЛ УЛСАД 2023-2027 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭ” БАРИМТ БИЧИГ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛ ЯВЦ ЭХЭЛЛЭЭ

Date: 
Thursday, 04 November 2021

НҮБ-аас Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” буюу ирэх 5 жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах үйл явц эхэлж байна.

“Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичиг нь “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-тэй уялдуулан хэрэгжүүлэхэд чухал дэмжлэг болно гэж Засгийн газар үзэж байна. Үүнтэй холбогдуулан НҮБ-аас Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” буюу ирэх  5 жилийн төлөвлөгөөний зорилго, тэргүүлэх чиглэлийг оновчтой тодорхойлох, үйл ажиллагааг уялдаатай, бодитой, зөв төлөвлөх зорилгоор ГХЯ, НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газраас хамтран зохион байгуулж буй “Алсын хараа, тэргүүлэх чиглэл тодорхойлох хэлэлцүүлэг” энэ оны 11 дүгээр сарын 2-нд зохион байгуулагдав.

Хэлэлцүүлэгт ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч  Т.Мишра нар оролцож, үг хэлэв. Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр хэлсэн үгэндээ үндэсний хэрэгцээ шаардлага, манлайлал, хамтын хариуцлага, ил тод байдал, үр дүн, өгөөж, идэвхи санаачилга, хэнийг ч үл орхигдуулах, хамтын чармайлт зэрэг зарчмыг баримтлан, хүний хөгжил, амьдралын чанар, эдийн засаг, сайн засаглал, ногоон хөгжил, амар тайван, аюулгүй нийгэм, бүсчилсэн хөгжлийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээнүүдийг оновчтой уялдаатай тусгахын чухлыг онцлон тэмдэглэв.

НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч  Т.Мишра хэлсэн үгэндээ  “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичиг нь 2018 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилсан НҮБ-ын хөгжлийн системийн шинэчлэлийн гол хэсэг болохыг тэмдэглээд энэхүү хамтын ажиллагааны хүрээ нь Засгийн газар, түншүүдтэй тусламжаас илүүтэй хөгжлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхийг зорьж буйг онцлов.

Хөрөнгө, санхүүжилтийг илүү үнэ цэнэтэй болгож, үр дүн нь хүмүүст, нийгэмд бодитоор хүрч байхад чиглэсэн НҮБ-ын хөгжлийн системийн шинэчлэлийн хүрээнд анх удаа боловсруулж байгаагаараа НҮБ-аас Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичиг нь онцлогтой юм.

Төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, НҮБ, түүний системийн байгууллагуудын төлөөлөл болон хөгжлийн түншүүд оролцож буй хэлэлцүүлэг 11 дүгээр сарын 3-4-нд үргэлжилнэ.