United Nations Welcome to the United Nations. It's your world.

ДГХБО-ЫН НҮБ-ЫН ГУРАВДУГААР БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ ХОРООНЫ ХУРАЛДААН НЬЮ ЙОРК ХОТНОО АМЖИЛТТАЙ БОЛОВ

Date: 
Monday, 03 June 2024

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлын Засгийн газар хоорондын бэлтгэл хорооны хоёрдугаар хуралдаан 2024 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Нью-Йорк хотноо болов.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч В.Энхболд, Австрийн Холбооны Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч А.Маршик нар хуралдааныг удирдан явуулж, НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй, арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга Рабаб Фатима, мөн далайд гарцгүй болон транзит 29 улсын төлөөлөгчид үг хэлэв.

Ерөнхий хэлэлцүүлэгт манай төлөөлөгч үг хэлэхдээ ДГХБО-ын ирэх 10-н жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт манай улсын санаачилгаар тусгагдсан хоёр чухал асуудлыг онцлов. Үүнд ДГХБО-ын Олон улсын судалгааны төвийг ирэх 10-н жилийн хөгжлийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тэргүүлэх чиглэлийн хүрээнд бодлого, стратеги  боловсруулж, судалгаа, шинжилгээ хийхэд чадавхыг бэхжүүлэхийг уриалж, ДГХБО-ын агаарын холболтыг сайжруулах асуудлуудыг төгсгөлийн баримт бичигт тусгасан талаар тэмдэглэв.

Эл хуралдаанаар НҮБ-ын Гуравдугаар бага хурлын бэлтгэл, зохион байгуулалтын холбоотой баримт бичгүүдийг баталсны зэрэгцээ далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх НҮБ-ын ирэх арван жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг гишүүн орнууд сайшаан баталж, энэ оны эцсээр Ботсвана Улсын нийслэл Габороне хотноо болох бага хуралд шилжүүлэхээр тогтсон болно.

 

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН

ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

2024 оны 6 дугаар сарын 3-ны өдөр