United Nations Welcome to the United Nations. It's your world.

ДГХБО-ын бүлгийн дэд дарга Элчин сайд, Байнгын төлөөлөгч В.Энхболд үг хэлэв

Date: 
Thursday, 28 April 2022

НҮБ-ын Эдийн засаг, Нийгмийн Зөвлөлийн Хөгжлийн төлөөх санхүүжилт”-ын ээлжит чуулга уулзалт Нью-Йорк хотноо 2022 оны 4 дүгээр сарын 25-наас 28-ны өдрүүдэд болж байна.

Чуулга уулзалтын Ерөнхий хэлэлцүүлэгт Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч В.Энхболд Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлгийн дэд даргын хувиар бүлгийг төлөөлж үг хэлэв. 

Тэрээр хэлсэн үгийнхээ эхэнд КОВИД-19 цар тахлын нөлөө, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас далайд гарцгүй хөгжиж буй 32 орны хувьд Тогтвортой хөгжлийн 2030 болон Венийн үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, эдийн засгаа сэргээх асуудал амаргүй хэвээр байгааг цохон тэмдэглэв. Улмаар олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс эдгээр орны хөгжлийн санхүүжилтийн хэрэгцээг дэмжихийн тулд 1/ хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, 2/ өрийн тогтвортой байдлыг хангах, 3/ Хөгжлийн албан ёсны тусламж (ХАЁТ)-ийн үр ашгийг дээшлүүлэх хэрэгтэй байна гэв.

Тодруулбал, ДГХБО-ын эдийн засаг, нийгмийн хөгжлийн тогтвортой байдлыг цаашид хангахын тулд тээврийн дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч, технологид суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээний салбаруудад дотоод, гадаадын  хөрөнгө оруулалт чухал хэрэгтэй байна.

Цар тахлын улмаас ДГХБО-ын өрийн түвшин 2019 онд ДНБ-ий 58.1 хувь, 2020 онд ДНБ-ий 64 хувь болж  эрс өссөнийг Дэлхийн Банкнаас мэдээлжээ. Тиймээс ДГХБО-ууд түүний дотор өрийн дарамтад орсон буюу орох эрсдэлтэй байгаа орнуудад өрийн хоригийн болон өрийн хугацаа, зориулалт, төлөлтийн нөхцөлийг өөрчлөн дахин багцлах, цуцлах багцууд нэвтрүүлэх, чингэхэд холбогдох талуудыг татан оролцуулах, тэдний санаа бодол, хүчин чармайлтыг нэгтгэх асуудал нэн тулгамдаж байна.

ДГХБО-ын хувьд Хөгжлийн албан ёсны тусламж нь чухал хөрөнгө оруулалт байдаг бөгөөд тэдний 45 хувь (15 улс)-ийн үндэсний орлогын 5 хувийг эзэлдэг тул ХАЁТ-ийг нэмэгдүүлэх, түүний дотор худалдааны хориг, саадыг багасгах, дэд бүтцийг сайжруулах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь чухал байна гэв.  

Элчин сайд, Байнгын төлөөлөгч В.Энхболд үгийнхээ төгсгөлд эмзэг эдийн засаг, тусгай хэрэгцээ бүхий ДГХБО-ын хөгжлийн төлөөх санхүүжилтийг дэмжихийг Олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, НҮБ-ын системийн байгууллагууд болон хөгжлийн түншүүдэд бүлгийн нэрийн өмнөөс уриалав.

 

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа БТГ