Нью-Йорк хотноо 2025 оны 2 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд НҮБ-ын ЭЗНЗ-ийн Нийгмийн хөгжлийн комиссын 63 дугаар чуулган “Нийгмийн хөгжлийн асуудлаарх дэлхийн дээд түвшний уулзалтын Копенхагены тунхаглалын болон Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийн тулд эв нэгдэл, нийгмийн оролцоо, нийгмийн уялдааг бэхжүүлэх нь” сэдвийн дор болж байна.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр эл чуулганы 2 дугаар сарын 11-ний өдрийн ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ 1995 онд Дани Улсын Копенхаген хотноо болсон Нийгмийн хөгжлийн асуудлаарх дэлхийн дээд түвшний чуулга уулзалтаас хойших хугацаанд Монгол Улсын нийгмийн хөгжлийн талбарт олсон гол ололт, амжилтуудыг танилцуулав. Улмаар Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн нийгмийн хүрээний зорилгуудыг хэрэгжүүлэх явцад тохиолдож буй сорилт бэрхшээлүүд, тэдгээрийг урагшлуулах арга замыг 2025 оны 11 дүгээр сард Катар Улсын Доха хотноо болох Нийгмийн хөгжлийн асуудлаарх дэлхийн дээд түвшний хоёрдугаар чуулга уулзалтаар хэлэлцэн тодорхойлно гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.
Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр түүнчлэн 2 дугаар сарын 13-ны өдөр НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал хариуцсан газраас зохион байгуулсан “Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхийн тулд хоршоолол болон нийгэм, эв нэгдлийн эдийн засгаар дамжуулан эв нэгдэл, нийгмийн уялдаа холбоог хөгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт панелистаар оролцов.
Тэрээр хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсад хоршооллын хөдөлгөөн, түүний дотор “Шинэ хоршоо - Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилт, нийгэм, эв нэгдлийн эдийн засгийг хөгжүүлж буй туршлага, улмаар Монгол Улсын санаачилгаар өнгөрсөн жил НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан “2025 оныг Олон улсын хоршооллын жилээр зарлах тухай” тогтоолын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР
2025 оны 2 дугаар сарын 13-ны өдөр