United Nations Welcome to the United Nations. It's your world.

Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын дарга Б.Батцэцэгийн Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын нээлтэд хэлсэн үг

Monday, 17 August 2026

 

Буцах

Буцах

Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын дарга Б.Батцэцэгийн Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын нээлтэд хэлсэн үг

хэлсэн үг•2026-08-17 15:41•0•Гадаад харилцааны яам

 

-Монгол Улсын Ерөнхий сайд, Эрхэмсэг ноён Ням-Осорын Учрал,

- Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн дэд сайд, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын 16 дугаар чуулганы дарга, эрхэмсэг доктор Осама Ибрахим Факиха,

- НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, доктор Ясмин Фуад,

- Эрхэм хүндэт төлөөлөгчид, хатагтай, ноёд оо,

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын арван долдугаар чуулганы даргын эрхэм үүрэг миний хувьд нэр төрийн хэрэг төдийгүй та бүхнээс хүлээлгэсэн өндөр итгэл гэдгийг гүнээ ухамсарлаж байна.

Энэ өглөө Монгол оронд цаг агаар тогтуун байж, сэрүүн сэргэг агаартай угтлаа. Монголчууд аливаа их үйлсийн эхэнд тэнгэр хангай ивээхийг ажил үйлс өлзий дүүрэн бүтэхийн шинж хэмээн бэлгэшээдэг уламжлалтай.

Энэ сайхан бэлгэ дэмбэрэл ёсоор манай хурлын бүх яриа хэлэлцээ, эх дэлхийгээ хамгаалах, экосистемийг нь сэргээх, энгүй үзэсгэлэнтэйгээр нь ирээдүй хойчдоо өвлүүлэх гэсэн та бидний нийтлэг зорилго, хамтын хариуцлага улам нэгдэн нягтрах болтугай.

Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын бага хурлыг эх орондоо анх удаа зохион байгуулж байгаа нь бидний хувьд бахархалт үйл явдал. Энэхүү түүхэн чуулган Монгол Улсын хувьд нэн чухал ач холбогдолтой НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын хүрээнд болж буйд бид онцгойлон баяртай байна. Учир нь цөлжилт, газрын доройтол, гангийн үр дагавар бидний хувьд холын сураг бус, амьдралд бодитоор тулгарч буй асуудал, сорилт билээ.

Өнөөдөр төр засаг, олон улсын байгууллага, шинжлэх ухааны салбар, иргэний нийгэм, хувийн хэвшил, залуучууд, нутгийн иргэд, малчид зэрэг олон талын төлөөлөл нэг дор хуран цугласныг харахад нэн урамтай байна. Бид соёл, уламжлал ондоо өөр өөр нутгаас ирсэн ч эх дэлхийгээ хайрлах сэтгэл, амьдран оршихуйн үндэс болсон газар шороогоо сэргээн тэтгэх хүсэл зоригоороо нэгдэж байгаа.

Миний бие энэ чуулганы дарга гэдэг эрхэм үүргийг даруу хүндэтгэл, гүн хариуцлагатай хүлээн авч, бүх Талуудад тэгш хандаж, тэдний нийтлэг эрх ашгийн төлөө ажиллах ёстойг гүнээ ухамсарлаж байна.

Монгол Улс энэхүү чуулганыг алив саадгүй, бүхний оролцоог хангасан, ил тод явуулахын төлөө бүхий л хүчин чармайлтаа гаргана. Бид та бүхний байр суурийг хүндэтгэн сонсож, яриа хэлэлцээг төвч байр сууринаас чиглүүлэн, зөвшилцөлд хүргэхийн төлөө уйгагүй зүтгэх болно.

Энд хүрэлцэн ирсэн төлөөлөгч бүр хамтын үйлсэд хувь нэмрээ оруулж, үг бүр нь сонстож, үзэл санаа бүр нь тусгалаа олох таатай орчныг бүрдүүлэхийн төлөө бид ажиллана. Олон талт хамтын ажиллагааны хүч чадал нь та бид огт санал зөрөлдөөнгүй байхад бус, харин тэрхүү ялгаатай байр сууриа яриа хэлэлцээгээр ойртуулж, нийтлэг зорилго, хамтын үйл хэрэг болгон хувиргах чадварт оршдог. Иймд, хөрст дэлхийгээ сэргээж, итгэл найдвараа бадраая.

Цөлжилт, хөрсний доройтол, ган гачигттай хийх тэмцэл нь угтаа бол итгэл найдварын илэрхийлэл юм: Хүн төрөлхтөн байгаль дэлхийдээ зохицож, хөрс шороо, ой мод, бэлчээр, усан мандлаа хамгаалж, бултаараа баталгаатай, үнэ хүндтэй амьдарч, ирээдүй хойчийг маань өлгийдөн тээж, өсгөн хөгжүүлэхүйц эх дэлхийг нь өвлүүлэхийн төлөөх итгэл билээ.

Газрын хөрсийг сэргээнэ гэдэг байгаль хамгаалахаас илүү өргөн утгатай. Энэ бол хүн төрөлхтний сөрөн тэсвэрлэх чадвар, хөгжил цэцэглэлт, энх тайван, сайхан амьдралын төлөөх хөрөнгө оруулалт юм.

Монгол Улс энх тайван, олон талт яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа, харилцан хүндлэлд тулгуурласан олон тулгуурт гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлж ирсэн. Бид бүтээлч зүтгэл, энх тайванч хамтын ажиллагааг эрхэмлэж, улс үндэстнүүд эвлэлдэн нягтрахын үнэ цэнд итгэдэг.

Улс орнуудыг дамнасан сорилтыг тэдгээр орны хамтын ажиллагаагаар л давж чадна гэсэн энгийн боловч итгэлтэй зарчим манай гадаад бодлогод буй. Өөрөөр хэлбэл, голыг нь олсон, даацтай, хүртээмжтэй шийдэл олоход олон талт байгууллагуудын үүрэг нэн чухал хэвээр байна.

Хөрсний доройтол, цөлжилт зэрэг асуудал аль нэг улсаар хязгаарлагдахгүй. Үр дагавар нь хил дамнан тархаж, эдийн засаг, ард иргэдийн амьжиргаанд нөлөөлж, хүнс, усны хангамж, аюулгүй байдалд заналхийлж, нийтээр нь тогтворгүй байдалд хүргэдэг.

Иймээс COP17 нь олон улсын хамтын ажиллагааны давуу талыг бодитоор харуулах боломж билээ. Шинжлэх ухаан, технологийн ололтыг хүн төрөлхтний сайн сайхны төлөө ашиглах, нэвтрүүлэх, хэрэгжүүлэх боломжтой шинэ шийдлийг дэмжин урагшлуулах, шаардлагатай хөрөнгө нөөцийг олж гаргах, улмаар Конвенцыг үр дүнтэй хэрэгжүүлэх хамтын амлалтаа бататгах боломж юм.

Монголчуудын хувьд нүүдлийн соёл иргэншил олон зууны туршид бэлчээр, ой мод, гол мөрөн, усны нөөц гээд хүрээлэн буй байгальтайгаа амин холбоотой төлөвшин хөгжиж ирсэн. Газар дэлхийгээ хайрлаж байж үр шимийг нь хүртэнэ гэдэг хариуцлагатай ухамсар бат шингэсэн байдаг.

Өнөөдөр ч Монгол Улс экосистемээ хамгаалах, цөлжилттэй тэмцэх, хөрс усаа сэргээх, хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, иргэд, олон нийтийн сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэхээр үндэсний хэмжээнд олон санаачилга гаргасан. Эдгээр нь эх дэлхийгээ хамгаалахад чиглэсэн дэлхий нийтийн хүчин чармайлтад хувь нэмрээ оруулж буйн илэрхийлэл юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөтөлбөр, Монгол Улсын Ерөнхий сайдын эхлүүлсэн “Чөлөөлье” санаачилга болон саяхан батлагдсан Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль нь дээр дудрсан чармайлт, хүсэл зоригийн бодит илэрхийлэл юм.

Түүнчлэн Монгол Улс 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарлах тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн тогтоолыг санаачилсан. Энэ нь эрүүл соргог бэлчээрийн үнэ цэнийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөх, бэлчээрийг тогтвортой ашиглан хамгаалж, сэргээн тэтгэх үйлсийг урагшлуулах, дэлхийн өнцөг булан бүрийн малчдын уламжлалт мэдлэг, амьдралын хэв маяг, зүтгэлийг үнэлэн хүндэтгэхэд чиглэсэн чухал алхам болсон билээ.

Эрхэмсэг хатагтай, ноёд оо,

Бидэнд асар том хариуцлага ногдож буй ч түүнээс дутуугүй өргөн боломж нээлттэй байна.

Энэ чуулганы амжилт бидний баталсан шийдвэрийн тоо төдийхнөөр хэмжигдэх учиргүй. Харин тэр шийдвэрүүд хэр уудам газар орон, хичнээн олон хүн зоны амьдралыг сайжруулж, хойч үе маань үлгэрлэн дагах ямар бодит өөрчлөлт авчирснаар хэмжигдэнэ.

Та бүхнийг COP17-доо амжилттай оролцохыг урьж байна. Үр дүнтэй зөвлөлгөөн, бүтээлч яриа хэлэлцээ өрнүүлж, хамгийн чухал нь, бүх Талын тэгш оролцоог хангаж, ашиг сонирхолд нь нийцсэн тэнцвэртэй, өндөр зорилго, гүн агуулгатай, бодит үр дүнд хүрэхийг хүсэн ерөөе.

Анхаарал хандуулсанд баярлалаа.