United Nations Welcome to the United Nations. It's your world.

UNCCD COP17 | DAY3 : Хөрсөө хамгаалж, ирээдүйгээ бүтээх шийдлүүд

Date: 
Wednesday, 19 August 2026

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын гурав дахь өдөр шинжлэх ухаан, технологийн ололтыг бодлого, практикт нэвтрүүлэх, тогтвортой санхүүжилтийн шинэ боломжийг эрэлхийлэх, шилжилт хөдөлгөөн, газар эзэмших эрх болон хувийн хэвшлийн оролцоог бэхжүүлэх асуудлаар хэлэлцүүлэг өрнөлөө.

Өглөөний хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн хороо (CST) хөрсний үржил шимийг сайжруулах, газрын доройтлоос урьдчилан сэргийлэх шинэлэг арга, технологийг хэлэлцсэн бол Конвенцын хэрэгжилтийг хянан дүгнэх хороо (CRIC) хөгжиж буй орнуудад чиглэсэн санхүүжилтийн шинэ боломж, түншлэлийн асуудлыг онцоллоо. Үдээс хойш Нэгдсэн хороо (COW)-ны хүрээнд шилжилт хөдөлгөөн, газар эзэмших эрхийн засаглал, хувийн хэвшлийн оролцооны талаар санал солилцож, орой нь асуудал хариуцсан хэлэлцээний бүлгүүд хуралдаж, хэлэлцэж буй асуудлаар талуудын байр суурийг ойртуулах, харилцан ойлголцлыг бэхжүүлэх чиглэлээр ажиллав.

1. Нэгдсэн хороо (CоW): Хамтын ажиллагаа ба тогтвортой хөгжлийн шийдэл

Нэгдсэн хорооны 2 дахь хуралдаанаар цөлжилт, газрын доройтолтой холбоотойгоор үүсэж буй шилжилт хөдөлгөөний сорилтыг бууруулах, орон нутагт тогтвортой амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, залуучуудад зориулсан ногоон ажлын байрыг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ. Талууд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийн зэрэгцээ орон нутагт дасан зохицох боломжийг нэмэгдүүлэх нь шилжилт хөдөлгөөний дарамтыг бууруулахад чухал ач холбогдолтойг онцлов.

Мөн газар эзэмших эрхийн хариуцлагатай засаглалын сайн дурын удирдамж (VGGT)-ийг үндэсний түвшинд хэрэгжүүлсэн туршлагаас хуваалцаж, газар эзэмших, ашиглахтай холбоотой бодлого, шийдвэр гаргалтад эмэгтэйчүүд, уугуул иргэд болон орон нутгийн иргэдийн эрх, оролцоог хангахын ач холбогдлыг тэмдэглэв.

Хувийн хэвшлийн оролцооны хүрээнд бизнесийн байгууллага, аж ахуйн нэгжүүд тогтвортой газар ашиглалтыг дэмжих, ган, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулалт, инноваци болон технологийн шийдлээр хувь нэмэр оруулах боломжоо илэрхийллээ.

2. Конвенцын хэрэгжилтийг хянан дүгнэх хороо (CRIC): Санхүүжилтийн шинэ боломж ба түншлэл

Тус хороо 4 дэх хуралдаанаа хийж, газрын доройтол, цөлжилттэй тэмцэхэд шаардлагатай тогтвортой санхүүжилтийг нэмэгдүүлэх, хөгжиж буй болон уур амьсгалын өөрчлөлтөд өртөж буй орнуудад хүртээмжтэй санхүүжилтийн механизмыг бий болгох асуудалд анхаарлаа хандууллаа.

Африкийн бүлэг болон Бразил тэргүүтэй улс орнууд тогтвортой санхүүжилтийн стратегийг хамтран боловсруулах санаачилга дэвшүүлж, шинэ болон илүү хүртээмжтэй санхүүжилтийн боломжийг бий болгох талаар бүтээлч санал солилцов.

Мөн Аргентин, Сири болон арлын орнуудаас дэвшүүлсэн санал, санаачилгыг Дэлхийн механизм (GM) нааштайгаар хүлээн авч, цаашид тусгай хөтөлбөр, механизмаар дамжуулан илүү олон улс орныг хамруулах боломжийг эрэлхийлэхээ илэрхийллээ.

3. Шинжлэх ухаан, технологийн хороо (CST): Шинжлэх ухааны ололтыг практикт нэвтрүүлэх нь

Тус хороо 3 дахь хуралдаанаа хийж, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Ахлах эрдэмтэн Баррон Жозеф Орр “Амьд хөрс, үржил шимтэй газар, сөрөн тэсвэрлэх чадвартай нутаг” хэмээх удирдамж болон түүний цахим хувилбарыг танилцуулж, хөрсний доройтлоос урьдчилан сэргийлэх, хөрсний эрүүл мэндийг хамгаалахад ашиглах практик арга хэрэгслүүдийг танилцууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улс болон бусад орнууд хиймэл оюун ухаан, цахим хэрэгслүүдийг техникийн дэмжлэг болгон ашиглаж буй туршлагаасаа хуваалцав. Үүний зэрэгцээ дэвшилтэт технологийг ашиглахын зэрэгцээ орон нутгийн онцлог, бодит судалгаа, уламжлалт мэдлэг, туршлагатай уялдуулах нь үр дүнтэй шийдэл боловсруулахад чухал ач холбогдолтойг онцоллоо.

Мөн 2027-2030 оны ажлын хөтөлбөрийг илүү хүртээмжтэй, улс орнуудын болон орон нутгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн байдлаар боловсруулах чиглэлд гишүүд санал нэгдэв.

4. Түүнчлэн CRIC, CST хороодын хамтарсан хуралдаан болж бага хуралд тайлан өргөн барих журмыг сайжруулах асуудлыг хэлэлцсэн бол мөн асуудлаар болон гангийн асуудлаарх шийдвэрийн төсөл хэлэлцэх бүлгүүд хуралдав.