United Nations Welcome to the United Nations. It's your world.

UNCCD COP17| DAY 5: Хамтын ажиллагаа, бүтээлч гарцууд болон ирээдүйн найдвартай түншлэл

Date: 
Saturday, 22 August 2026

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын эхний долоо хоногт нийт төлөөлөгчид нягт хамтын ажиллагаа, асуудлыг шийдвэрлэх бүтээлч санал санаачилга гаргаж байв. Хэлэлцүүлэг нэгдсэн хуралдаанаас гадна асуудал тус бүрээр гарах шийдвэрүүдийн төслийг боловсруулах яриа хэлэлцээгээр үргэлжлэв.

1. Нэгдсэн хорооны хуралдаанаар бэлчээрийн мал аж ахуйн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Конвенцын мэдээлэл дамжуулах төлөвлөгөө, 18 дугаар бага хуралд бэлтгэх ажлын хөтөлбөрийг хэлэлцлээ.

Төлөөлөгчид Нүүдлийн зэрлэг амьтдыг хамгаалах конвенц (CMS) болон UNCCD хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх боломжийг онцолж, CMS-ын бэлчээрийн мал аж ахуйн асуудлаарх ажлын хэсэг UNCCD-тэй хамтран ажиллах шийдвэрийг COP15 хурлаас гаргасныг тэмдэглэв.

Мэдээлэл дамжуулах ажлыг сайжруулахын тулд аливаа үйл ажиллагаа UNCCD-ийн 2018-2030 оны Стратегийн хүрээний хэрэгжилтэд чиглэх, шинжлэх ухаан, техникийн мэдээллийг оновчтой ашиглах, уур амьсгалын өөрчлөлт болон биологийн олон янз байдлын конвенцуудтай уялдаатай ажиллах нь зүйтэйг Европын Холбоо онцлов.

Төлөөлөгчид мөн мэдээлэл авах боломжийг сайжруулах, ялангуяа уугуул болон орон нутгийн иргэдэд хүртээмжтэй болгох, ташаа мэдээлэлтэй тэмцэхэд бүх нийтийн оролцоог хангах, шинжлэх ухааны ололтыг орон нутгийн түвшинд нэвтрүүлэх, эмэгтэйчүүд, залуучууд болон тариаланчдад зориулсан үр дүнтэй, хүртээмжтэй харилцаа холбоог бий болгох зэрэг саналыг илэрхийллээ.

Дараагийн Талуудын бага хурлын хөтөлбөрийн хувьд төлөөлөгчид хэлэлцэх хэргийн асуудлуудыг бүрэн батлах, маргаантай байгаа асуудлуудыг үргэлжлүүлэн хэлэлцэх боломжийг бүрдүүлэхийг хүсэж буйгаа илэрхийллээ. Европын Холбоо дараагийн бага хурлаар "процессын үр ашгийн тухай" шинэ асуудал хэлэлцэх санал гаргасан бол Бразил Улс биоэдийн засгийн асуудлыг хөтөлбөрт тусгахыг уриаллаа.

2. Бага хурлаас гарах шийдвэрүүдийн төслийг хэлэлцэх уулзалтуудаар газрын доройтол ба шилжилт хөдөлгөөний хоорондох уялдаа холбоог судлах, ийм судалгаанд шаардлагатай санхүүжилт, дэмжлэг үзүүлэх асуудал, хувийн хэвшлийн оролцоог хангахдаа хөдөө аж ахуйн салбарын зөвлөмжүүдийг амьдралд хэрэгжүүлэх, ил тод байдлыг хадгалах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх замаар бизнесийн салбарыг найдвартай түнш болгох асуудлыг хөндөж, шийдвэрийн төсөлд тусгах санал гаргав.

3. Түүнчлэн Конвенцын хэрэгжилтийг хянан дүгнэх хороо, Шинжлэх ухаан, технологийн хорооны шийдвэрүүдийн төслийг хэлэлцэхээс ган, төсөв зэрэг сэдэвчилсэн асуудлаар яриа хэлэлцээ үргэлжиллээ