Улаанбаатар хотноо болж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд COP17-ын Товчооны анхдугаар хуралдаан 2026 оны 8 дугаар сарын 18-ны өдөр боллоо.
Хуралдааны үеэр COP17-ын нээлтийн хуралдаанаар сонгогдсон Бага хурлын дэд дарга нарт (Кот д’Ивуар, Камерун, Күүкийн Арлууд, Бразил, Сент-Винсент ба Гренадин, Франц, Швейцар) баяр хүргэж, бага хурлын үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах, Талуудын хоорондын харилцан ойлголцол, зөвшилцлийг бэхжүүлэх, конвенцын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чиглэсэн бодитой үр дүнд хүрэхийн чухлыг онцлов.
Түүнчлэн Товчооны гишүүд өмнөх хугацаанд хэрэгжүүлсэн болон цаашид зохион байгуулахаар төлөвлөж буй уулзалт, арга хэмжээний талаар мэдээлэл солилцов.
Мөн Нэгдсэн хорооны хуралдаан (COW), Шинжлэх ухаан, технологийн хороо (CST), Конвенцын хэрэгжилтийг хянан дүгнэх хороо (CRIC)-ны хуралдааны явцын талаар мэдээлэл сонсов. Эдгээр хуралдааны хүрээнд конвенцын хэрэгжилтийн явц, газрын доройтол, гангийн сорилтыг шийдвэрлэх, шинжлэх ухаан, техникийн асуудал, Талуудын өмнө тулгамдаж буй сорилт, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ.
Монгол Улс COP17-ыг даргалагч орны хувьд Талуудын тэгш оролцоог хангах, тэдгээрийн байр суурийг харилцан хүндэтгэх, яриа хэлэлцээг нээлттэй, хүртээмжтэй, зөвшилцөлд суурилсан байдлаар урагшлуулж, бага хурлаас бодитой, үр дүнд чиглэсэн шийдвэр гаргахад анхаарч ажиллаж байна.


