United Nations Welcome to the United Nations. It's your world.

MАНАЙ ТӨЛӨӨЛӨГЧИД НҮБ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АЖ БАЙДЛЫН КОМИССЫН 69 ДҮГЭЭР ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА

Date: 
Friday, 14 March 2025

Нью-Йорк хотноо 2025 оны 3 дугаар сарын 10-21-ний өдрүүдэд болж буй НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Эмэгтэйчүүдийн аж байдлын комисс (ЭАБК)-ын 69 дүгээр чуулганд манай улсаас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

1995 оны Бээжингийн тунхаглал, Үйл ажиллагааны хөтөлбөр, 2000 оны Ерөнхий Ассамблейн 23 дугаар тусгай чуулганы төгсгөлийн баримт бичгийн хэрэгжилтийг Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийг чадавхжуулах асуудлын хэрэгжилттэй уялдуулан хэлэлцэж байгаа энэ жилийн чуулганд НҮБ-ын гишүүн 180 улс, тэдгээрийн 140 гаруй нь өндөр түвшинд оролцож байна.

Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул 3 дугаар сарын 13-ны өдөр ЭАБК-ын 69 дүгээр чуулганы Ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлж Монгол Улсын сүүлийн 30 жилд жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн эрхийг хангах чиглэлээр олсон амжилт, үр дүнгээс танилцуулав. Тэрээр хэлсэн үгэндээ төр, засгаас хууль, эрхзүйн орчныг байнга сайжруулж, эмэгтэйчүүдийн улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын бүхий л салбар дахь оролцоог дэмжиж, жендэрийн асуудал хариуцсан институцыг байгуулж бэхжүүлсэн, Хөдөлмөрийн хуульд гэр бүлд ээлтэй, ажлын орчныг жендэрийн мэдрэмжтэй, ажил ба гэр бүлийн тэнцвэрийг хангасан болгох чиглэлд нэмэлт өөрчлөлт хийсэн зэргийг цохон тэмдэглэсэн. Улмаар цаашид эмэгтэйчүүдийн албан ёсны ажил эрхлэлт болон орлогыг нэмэгдүүлэх, асрахуйн эдийн засгийг хөгжүүлэх, хөдөө орон нутагт амьдарч буй эмэгтэйчүүдийн боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, ажлын байрыг нэмэгдүүлэх шаардлага тулгамдаж байна гэв.

Мөн чуулганы үеэр Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул Монгол, Аргентин, Турк, Шинэ Зеланд, Европын Холбооны төлөөлөгчийн газраас хамтран зохион байгуулсан “Бээжин+30: Эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийллийг устгах хариуцлагыг дээшлүүлэх асуудал” сэдэвт арга хэмжээнд үг хэлэхийн зэрэгцээ мөн асуудлаар ИБУИНХУ, Канад, Колумб, Мексик, Францын өндөр түвшний төлөөлөгчидтэй ажил хэргийн уулзалтад оролцож, манай улсад эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийллийг устгах, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцуулж, туршлага солилцов.  

Түүнчлэн манай улсаас ЭАБК-ын 69 дүгээр чуулганд оролцож байгаа төр, иргэний нийгэм, залуусын өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид НҮБ-ын гишүүн улсууд, НҮБ-ын системийн болон иргэний нийгмийн байгууллагуудаас зохион байгуулсан Бээжингийн тунхаглал ба Үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн дүнг салбар бүрээр дүгнэн хэлэлцсэн олон арга хэмжээнд оролцсоны дотор бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэнд, цахим орчинд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн үед эмэгтэйчүүдийг чадавхжуулах зэрэг асуудлаарх дагалдах арга хэмжээнд идэвхтэй оролцлоо.

ЭБАК-ын 69 дүгээр чуулганаас Дэлхийн эмэгтэйчүүдийн дөрөвдүгээр бага хурлын 30 жилийн ойд зориулсан Улс  төрийн тунхаглал болон ЭБАК-ын дараачийн жилүүдийн үйл ажиллагааны хөтөлбөрийн тухай тогтоолыг батлав.

ЭБАК-ын 69 дүгээр чуулган 3 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

2025 оны 3 дугаар сарын 14-ны өдөр