United Nations Welcome to the United Nations. It's your world.

“Mongolian Gallery” дэлгүүр болон үзэсгэлэнгийн нээлт Нью-Йорк хотод амжилттай боллоо

Date: 
Wednesday, 15 September 2021

9 дүгээр сарын 9-ний өдөр АНУ-ын Нью-Йорк хотын “World Trade Center” буюу Дэлхийн худалдааны төвийн байранд Монголын бараа бүтээгдэхүүний “Mongolian Gallery” дэлгүүрийн нээлт амжилттай болов. Энэхүү дэлгүүр нь Монголын бараа бүтээгдэхүүн, ялангуяа ноолууран эдлэл, гоёл чимэглэл, бэлэг дурсгалын зүйлс, соёл урлагийн бүтээлээс Нью-Йорк хотын худалдан авагч, хэрэглэгчдэд таниулан сурталчлах,  борлуулах зорилготой юм.

Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Энхболд оролцож, цар тахлын хүнд үед үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Америкийн зах зээлд сурталчилж таниулах зоримог алхам хийж, ялангуяа дэлхийн санхүү, худалдаа, бизнесийн төв болох Нью-Йорк хотын хөл хөдөлгөөнтэй хэсэгт бизнес эхлүүлж буйд дэлгүүрийн хамт олонд баяр хүргэж, энэ төрлийн үйл ажиллагаа нь хоёр орны эдийн засаг, бизнесийн харилцааг өргөжүүлэхэд түлхэц болно гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв. 

“Mongolian Gallery” дэлгүүрийн нээлтийн үеэр “Mongol Art Gallery”, “Nomadic Expeditions”, “Mongolian Cultural Council” зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан Монголын уран зургийн үзэсгэлэнг дэлгэн танилцуулав. Нээлтэд оролцогчид Монголын залуу уран бүтээлчдийн уран зургийн бүтээлийг шимтэн сонирхож байлаа.