НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Гуравдугаар хорооны 11 дүгээр сарын 10-ны өдрийн бүгд хуралдаанаар Монгол Улсын санаачилсан “Хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын аж байдлыг сайжруулах тухай” тогтоол нийтийн зөвшилцлөөр батлагдав.
Өдгөө дэлхийн бараг дөрвөн хүн тутмын нэг нь хөдөөгийн эмэгтэйчүүд бөгөөд тэдний жендэрийн эрх тэгш байдлыг сайжруулах, чадавхжуулах нь бүх нийтийн тогтвортой хөгжлийн чухал хөдөлгөгч хүчин зүйлд тооцогддог.
Тиймээс цар тахлын дараах сэргэлт, улмаар уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, санхүү, хүнс, тэжээлийн хямралтай тэмцэх, технологийн шилжилт хийх чухал асуудлуудтай нүүр тулгараад буй энэ чухал үед хөдөө болон алслагдмал нутаг, арлууд дээр амьдарч буй бүх эмэгтэйчүүд, охидын нийгмийн амьдрал, шийдвэр гаргах түвшин дэх бүрэн дүүрэн, эрх тэгш, тодорхой хувь нэмэр бүхий оролцоог хангах нөхцөл бололцоог хангах чиглэлээр шинэлэг заалт, үг хэллэгүүдийг тусгасан.
Монгол Улсын санаачилсан “Хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын аж байдлыг сайжруулах тухай” тогтоолд бүх бүс нутгийн төлөөлөл 98 улс хамтран зохиогчоор нэгдэв.
МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА
БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР