Date:
Saturday, 09 December 2023
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор батлагдсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 75 жилийн ой 12 дугаар сарын 10-ны өдөр тохионо. Монгол Улсын Их Хурлын даргын захирамжийн дагуу уг ойд зориулсан Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг 12 дугаар сарын 9-ний өдөр зохион байгуулав.
Хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд, үе үеийн Улсын Их Хурлын дарга нарын төлөөлөл, Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлагууд болон мөн Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн болон Олон улсын байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгчид, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд уригдан оролцов.
Хүндэтгэлийн хуралдааныг нээж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар /бүрэн эхээрээ эндээс/ үг хэллээ.
Хүндэтгэлийн хуралдаанд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы дарга, ноён Деннис Фрэнсисээс цахим мэндчилгээ хүргүүлсэн юм. Тэрээр Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан үг хэлж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд Тунхаглалаар тогтоосон хэм хэмжээнүүд амилаагүй байгаа нь гашуун үнэн гэдгийг хүлээн зөвшөөрөх нь учиртайг онцолж байлаа.
Дэлхий даяар сая сая хүн зовлонд нэрвэгдэн наад захын эрхээ ч эдэлж чадахгүй байсаар л байна. Тогтвортой хөгжлийн 2023 хөтөлбөрийн хэрэгжилт удааширсаар байгаа нь бид бүхний өөрсдийн үйл ажиллаагатай ч зарим тохиолдолд холбоотой ч уур амьсгалын өөрчлөлт, түүний үр дагаврыг нь шийдвэрлэх зэрэг чухал асуудлуудаарх үйл ажиллагаа, амлалт, хүчин чармайлт хангалтгүй байна. Аливаа маргааныг дайн мөргөлдөөний замаар шийдвэрлэх гэсэн оролдлого нэмэгдсээр байгаа. Ядуурлаас үүдэлтэй нийгмийн тэгш бус байдaл даамжирсаар л байна. Энэ бүхнийг засахын тулд бид бүхэн илүү ихийг хийж чадах бөгөөд хийх ч ёстой хэмээн мэдэгдсэн юм.
Деннис Фрэнсис мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглал бол та бидний Алтангадас од юм. Энэ баримт бичигт тулгуурлан Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг түргэтгэх, энх тайван, хөгжил дэвшил, хөгжил цэцэглэлт, тогтвортой байдалд хүргэх зорилгын дагуу “2024 оны Ирээдүйн төлөөх дээд хэмжээний уулзалт” зэрэг арга хэмжээг зохион байгуулах болно. Энэ бүх чиглэлээр бид үр дүн гаргах үүднээс бүх түвшинд, бүх салбарт хамтран ажиллах болно. Үүнийг хийхэд Монгол Улсын Их Хурал болон дэлхийн улс орнуудын парламентын үүрэг амин чухал юм. Олон талт хэлэлцээрүүд бол улс орон, нийгэм, иргэдийн амьдралыг бодитоор өөрчлөх ажил болж өрнөдөг болохыг парламентууд ойлгож, дэмжиж ажилладаг. Энэ орон зайд л бид иргэний болон улс төрийн эрх, эдийн засаг, нийгэм, соёлын эрх, түүнчлэн хөгжих эрхийг хангаж чадна. Та бүхний хууль тогтоох, хянах, төсөв батлах эрх мэдэл нь хүний эрхийг хамгаалах гол арга хэрэгсэл юм гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.
Мэдээний бүрэн эхийг “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 75 жилийн ойд зориулсан Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо (parliament.mn) -ээс үзнэ үү.