United Nations Welcome to the United Nations. It's your world.

“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ХОРШООЛЛЫН ҮҮРЭГ” ТОГТООЛ БАТЛАГДАВ

Date: 
Monday, 06 November 2023

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Гуравдугаар хорооны 11 дүгээр сарын 3-ны өдрийн бүгд хуралдаанаар Монгол Улсын санаачилсан “Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг” тогтоол батлагдав.

Өдгөө дэлхий дээр 3 сая орчим хоршоолол байдаг ба дэлхийн нийт ажил эрхлэгчдийн 10 хувь нь хоршооллын ажилтан буюу эзэн байна. Тиймээс энэ удаагийн тогтоолд юуны өмнө цар тахлын дараах эдийн засаг, санхүүгийн хямралын үед ажил эрхлэлтийг дэмжих, хүмүүсийн нийгмийн сайн сайхан, цалин орлогыг баталгаажуулах, бүхэлдээ тогтвортой хөгжлийг дэмжихэд хоршооллын үүргийг цохон тэмдэглэв.

Мөн хоршоолол ба нийгмийн ба эв санааны нэгдлийн уялдаа холбоо, хоршооллын хүнсний аюулгүй байдал, бүгдэд хүртээмжтэй, уян хатан хүнсний тогтолцоог хангах, эмэгтэйчүүд, залуучууд, өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, уугуул иргэд, орон нутгийн иргэдийн эдийн засгийн статус, хөгжил болон чадавхийг бэхжүүлэхэд оруулах хувь нэмрийг дээшлүүлэхийн чухлыг заав.

Түүнчлэн тогтоолд 2012 оны Олон улсын хоршооллын жилийн амжилтад үндэслэн 2025 онд Олон улсын хоршооллын жилийг зарлах чиглэлээр ажиллахыг уриаллаа.

Монгол Улсын санаачилсан “Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг” тогтоолд НҮБ-ын гишүүн 101 орон хамтран зохиогчоор нэгдлээ.

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР