United Nations Welcome to the United Nations. It's your world.

“МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЦӨМИЙН ЗЭВСЭГГҮЙ СТАТУСЫН ТУХАЙ” ТОГТООЛЫГ БАТАЛЛАА

Date: 
Friday, 01 November 2024

2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Нэгдүгээр хорооны Бүгд хуралдаанаар манай улсын санаачилсан “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, нийтийн зөвшилцлөөр баталлаа.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр уг тогтоолын төслийг танилцуулж хэлсэн үгэндээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус нь цөмийн зэвсгээс ангид дэлхийг цогцлоох үйлсэд оруулж буй Монгол Улсын бодит хувь нэмэр, хүчин чармайлт болохыг онцлон тэмдэглээд Нигери Улсын санаачилсан “Африкийн цөмийн зэвсэггүй бүс нутгийн гэрээний тухай” болон Бразил, Мексик Улсын санаачилсан “Цөмийн зэвсэггүй бүсүүдийн асуудлыг бүх талаас нь цогцоор нь судлах тухай” тус тус тогтоолд шинээр хамтран зохиогчоор орсноо танилцуулав.

 Монгол Улс энэхүү тогтоолыг 1998 оноос хойш 2 жил тутам НҮБ-ын Ерөнхий Ассамблейд санаачлан хэлэлцүүлж батлуулж байна. Энэ жилийн чуулганы Нэгдүгээр хороогоор баталсан “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолд НҮБ-ын нийт 36 гишүүн улс хамтран зохиогчоор нэгдэн орлоо.

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр