4 дүгээр сарын 23-нд Нью-Йорк хотноо “Монголын банкны форум” зохион байгуулагдаж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, СЗХ-ны дарга Д.Баярсайхан тэргүүтэй төрийн байгууллагууд болон арилжааны банкнуудын төлөөлөл оролцож, илтгэл тавьж, панел хэлэлцүүлэг өрнүүлсэн. Форумд гадаадын 50 гаруй хөрөнгө оруулагч, шинжээч оролцсоны дотор BNP Paribas, JP Morgan, Morgan Stanley, Standard Chartered Banks, Moody’s Rating Agency, Fitch Rating Agency зэрэг АНУ-д төвтэй томоохон банк, санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулалтын сангууд багтсан
Форумыг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр нар нээж үг хэлсний дараа Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Л.Сонор “Монголын эдийн засгийн төлөв байдал”-ын талаар танилцуулга хийв.
Форумын хүрээнд “Хууль эрх зүйн орчин: Монголын санхүүгийн салбар” болон “Монголын банкуудад хөрөнгө оруулах нь” сэдэвт 2 панел хэлэлцүүлэг зохиогдсон.
“Хууль эрх зүйн орчин: Монголын санхүүгийн салбар” панел хэлэлцүүлгийн модератороор Фронтьер зах зээлийн мэдээ байгууллагын үүсгэн байгуулагч Дэн Кийлер, панелистаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, СЗХ-ын дарга Д.Баярсайхан, Сангийн яамны СБГ-ын дарга Л.Сонор нар тус тус оролцож санал бодлоо солилцов.
Эхний панел хэлэлцүүлгийн дараа Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар “Монголын банкны салбар”-ын талаар танилцуулга хийсэн. Дараагаар нь “Монголын банкуудад хөрөнгө оруулах нь” сэдэвт хоёрдугаар хэлэлцүүлэг болж, модератороор Robotti & Company Advisors байгууллагын портфолио менежер Исаак Шварц, панелистаар Монголын ХХБ-ны Ерөнхийлөгч Рандольф Коппа, Голомбанкны гүйцэтгэх захирал Норихико Като, М банкны гүйцэтгэх захирал Л.Соронзонболд, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нар оролцсон.