Нью-Йорк хотноо 7 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы дарга М.Ликкетофын санаачилгаар "НҮБ-ын 70 жил: Хүний эрхийн асуудал глобал хөгжлийн төлөвлөгөөний чухал хэсэг болох нь" сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлэг болж өнгөрөв. Уг хэлэлцүүлэг дээр НҮБ-ын гишүүн, ажиглагч 70 гаруй орны төлөөлөгч үг хэллээ.
Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд хэлэлцүүлэг дээр хэлсэн үгийнхээ эхэнд НҮБ-ын үйл ажиллагааны гурван гол тулгуурын нэг болох хүний эрхийн асуудлын ач холбогдол улам бүр өссөөр байгаа бөгөөд 2015 онд дэлхийн удирдагчдын баталсан Тогтвортой хөгжлийн зорилтууд нь хэнийг ч үл ялгаварлах хүний эрхэд суурилсан хөтөлбөр болж чадсаныг тэмдэглэв.
Тэрээр цааш нь НҮБ-ын хүний эрхийн тулгуурыг бэхжүүлэхэд Ерөнхий нарийн бичгийн даргын "Human rights up front" санаачилга, Хүний эрхийн зөвлөлийн үйл ажиллагаа, хүний эрхийн бусад яриа хэлэлцээний үүрэг асар их болохыг цохон дурдаад Монгол Улсын Засгийн газраас хүний эрхийг сахин хамгаалах чиглэлээр сүүлийн үед авч хэрэгжүүлсэн зарим ажлыг танилцуулав. Тухайлбал, 2012 оноос хойш Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийг баталж, Захиргааны болон Эрүүгийн хуулийг өөрчилж, цаазаар авах ялыг бүрмөсөн халсан талаар өгүүлэв. Шинэчилсэн эрүүгийн хуульд эрүү шүүлтийн тодорхойлолтыг НҮБ-ын холбогдох конвенцид нийцүүлэн өөрчилж, гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн цөөнхийг ялгаварлан гадуурхах, хүүхдийг хүчээр хөдөлмөр эрхлүүлэх ба зодож шийтгэх хэрэгт ял шийтгэл оноодог болсон тухай, мөн 2016 оноос Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Хүүхдийн эрх ба хүүхэд хамгааллын тухай шинэчилсэн хуулийг хэрэгжүүлж эхэлсэн зэргийг дурдав.
Элчин сайд С.Сүхболд үгийнхээ төгсгөлд Монгол Улс 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалдаа нийгмийн тэгш бус байдлыг арилгах, мэргэжлийн, тогтвортой, оролцоог хангасан, авилгагүй засаглалыг бэхжүүлэхийг зорьж байгаа бөгөөд гишүүн улс бүр тус тусын хүний эрх, ардчилал, сайн засаглалын хүрээний зорилго, амлалтаа биелүүлж чадвал Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр хэрэгжих бүрэн боломжтой юм гэлээ.