НҮБ-ын Ерөнхий ассемблейн 4 дүгээр хорооны хуралдаанаар Энхийг сахиулах ажиллагааны асуудлыг хэлэлцэх үед Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ Энхийн ажиллагааны Дээд хэмжээний ажлын хэсгийн зөвлөмж, зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр гарсан НҮБ-ын ЕНБД-ын тайлан гарсаныг сайшааж, энэ 2 баримт бичгийг НҮБ-ын Ерөнхий ассемблей, 4 дүгээр хороогоор хэлэлцэж, зөвлөмжийг хэрэгжүүлэх арга замыг нийтээр зөвшилцөх ёстой гэж онцоллоо. Элчин сайд С.Сүхболд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа нь төр бус оролцогч, террористууд, босогчдын эсрэг давшилтын ажиллагаанд ашиглах ёсгүй, алагчилахгүй байх, өөрийгөө хамгаалахаас өөр тохиолдолд зэвсэг хэрэглэхгүй байх гэсэн НҮБ-ын энхийг сахиулахын үндсэн зарчмуудыг чанд мөрдөх ёстой гэлээ.
Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд Монгол Улсаас НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оруулж байгаа хувь нэмрийг дурдахын хамт НҮБ-ын гишүүн улсуудад хандаж Монгол Улсад болж байгаа энхийг сахиулах ажиллагааны сургалт, дадлага, хээрийн сургуульд цэргээ оролцуулахыг урилаа. Монгол Улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцох чадавхиа үе шаттай нэмэгдүүлж байгаа, монголын цагдаагийн албан хаагчийг оролцуулж эхлэх бэлтгэлийг хангаж, улмаар барилга-инженерийн ротыг 2016-2018 онд бэлтгэхээр ажиллаж байгааг тэр дурьдлаа.