United Nations Welcome to the United Nations. It's your world.

ЭЛЧИН САЙД С.СҮХБОЛД ЕА-Н 70 ДУГААР ЧУУЛГАНЫ ХОЁРДУГААР ХОРООНД ҮГ ХЭЛЭВ

Date: 
Thursday, 08 October 2015

2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы Хоёрдугаар хорооны ерөнхий санал шүүмжлэлд оролцож, үг хэлэв.

Тэрбээр хэлсэн үгэндээ Хоёрдугаар хорооны өмнө Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэх асар их үүрэг хариуцлага тулгарч буйг тэмдэглээд бүх оролцогч талыг хамруулсан нээлттэй хэрэгжүүлэх механизмыг хэрэгжилт, мониторинг, хариуцлагын зохицуулалтын хамтаар бүрдүүлэхийн чухлыг онцлов.

Тэрбээр цааш нь далайд гарцгүй хөгжиж буй орнуудын өмнө тулгарч буй асуудлууд, макро эдийн засгийн асуудлууд, өрийн зохицуулалт, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэлийг бууруулах зэрэг манай төлөөлөгчдийн хувьд ач холбогдол өгч, анхаарч ажиллах асуудлыг тус тус танилцуулав. 

Энэ удаагийн чуулганы Хоёрдугаар хороогоор эдийн засгийн өсөлт, хөгжил, олон улсын худалдаа, олон улсын санхүүгийн тогтолцоо, гадаад өрийн тогтвортой байдал, хөгжлийн санхүүжилт, тогтвортой хөгжил, ядуурлыг бууруулах, даяарчлал, мэдээлэл, харилцаа холбооны технологи зэрэг олон асуудлыг авч хэлэлцэхээр төлөвлөж байна. 

НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр