Монгол Улсаас НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дэргэд суух Байнгын төлөөлөгч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд 2015 оны 11 дугаар сарын 17-ны өдөр Нью Йорк хотноо НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Аким Штайнерт итгэмжлэх захидал өргөн барив.
Гүйцэтгэх захирал Аким Штайнер шинээр томилогдон итгэмжлэх захидлаа өргөн барьж буй Байнгын төлөөлөгч, Элчин сайд С.Сүхболдод баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. Дараа нь Элчин сайд, Гүйцэтгэх захирал нар Монгол улс, НҮБ-ын байгаль орчны хөтөлбөр хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Ногоон хөгжлийн бодлогыг хөхиүлэн дэмжих талаар Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр сайшаан дэмжиж байгааг Аким Штайнер онцлов. Түүнчлэн 2013 онд Дэлхийн байгаль хамгаалах өдрийг Улаанбаатар хотноо хамтран амжилттай зохион байгуулсныг тэмдэглэн хэлэв. Энэ сарын сүүлээр Парис хотноо чуулах Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи НҮБ-ын суурь конвенцийн талуудын 21 дүгээр бага хурлын үр дүнд нь Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд түүхэн ач холбогдолтой тул улс орнууд ихээхэн анхаарал хандуулж хичээл зүтгэл гаргах хэрэгтэй байгаа талаар санал солилцов.