United Nations Welcome to the United Nations. It's your world.

ЭЛЧИН САЙД, БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ С.СҮХБОЛД НЬЮ ЖЕРСИ ОРЧИМ АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ МОНГОЛ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

Date: 
Monday, 29 February 2016

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд Нью Жерси орчим ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй Нью Жерси мужийн Ювинг хотод 2 дугаар сарын 28-ны өдөр уулзав.

Уулзалтын үеэр Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд Байнгын төлөөлөгчийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, тэр дундаа ойрын жилүүдэд хэрэгжүүлэхээр зорьж буй томоохон зорилтуудын талаар танилцуулав. Мөн монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд хүрч ажиллах нь Байнгын төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэлийн нэг гэдгийг Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд онцлоод “Монгол Улсын гадаад сурталчилгааны хөтөлбөр”, “Дэлхийн монголчууд хөтөлбөр”, иргэдэд туслах сангийн талаар товч мэдээлэв. Тэрчлэн энэ оны 6 дугаар сарын 17-19-нд болох УИХ-ын сонгуульд гадаадад байгаа иргэдийн санал авах ажиллагааны талаар мэдээлж, Нью Жерси орчимд ажиллаж, амьдарч буй монголчуудыг идэвхтэй оролцохыг уриалав.

Байнгын төлөөлөгчийн газраас ийнхүү ач холбогдол өгч, иргэддээ ойртон ажиллаж байгаад уулзалтад оролцсон иргэд талархалтай байгаагаа илэрхийлж, энэ төрлийн уулзалт, арга хэмжээг цаашид тогтмол зохион байгуулж байхыг хүсэв.