Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд Бостон хотын орчим сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөлөлтэй 2 дугаар сарын 17-ны өдөр Харвардын Их Сургуульд уулзав.
Уулзалтын үеэр Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд Байнгын төлөөлөгчийн газрын ойрын жилүүдэд хэрэгжүүлэхээр зорьж буй томоохон зорилт, тухайлбал, хүний эрх, нийгмийн хөгжил, энхийг сахиулах ажиллагаа, далайд гарцгүй хөгжиж буй орнууд зэргийг дэлгэрэнгүй танилцуулав. Мөн монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд хүрч ажиллах нь Байнгын төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэлийн нэг гэдгийг Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд онцлоод гадаад сурталчилгааны хөтөлбөр, “Дэлхийн монголчууд” хөтөлбөр, иргэдэд туслах сангийн үйл ажиллагааны талаар товч мэдээлэв. Тэрчлэн энэ оны 6 дугаар сарын 17-19-нд болох УИХ-ын сонгуульд гадаадад байгаа иргэдийн санал авах ажиллагааны талаар мэдээлж, Бостон орчимд сурч, ажиллаж буй монголчуудыг идэвхтэй оролцохыг уриалав.