United Nations Welcome to the United Nations. It's your world.

ЭЛЧИН САЙД, БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ С.СҮХБОЛД БАЙГАЛЬ ОРЧИН, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН АСУУДЛААРХ ХУРАЛД ОРОЛЦОН ҮГ ХЭЛЭВ

Date: 
Thursday, 25 February 2016

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан Байгаль орчин, тогтвортой хөгжлийн асуудлаарх салбар хуралдаанд Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд оролцон үг хэлэв. Тэрбээр байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар ярьж, ялангуяа эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалах нэгдсэн бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх нь туйлын чухал гэдгийг онцлов. Уул уурхайн үйлдвэрлэлийн цар хүрээ нэмэгдэхийн хэрээр сүүлийн жилүүдэд Монгол улсын эдийн засгийн өсөлт харьцангүй өндөр байсан хэдий ч ядуурлыг бууруулах, байгаль орчныг хамгаалах талаар бэрхшээл, сорилтууд байсаар байгааг тэмдэглэн хэлэв.

Түүнчлэн тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн бодлого Засгийн газрын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд 2014 онд Монгол Улсын Их хурлаас “Ногоон хөгжлийн бодлого”-ийг батлан хэрэгжүүлж байгааг дурдаад энэ оны 9 дүгээр сард НҮБ-ын Дээд хэмжээний уулзалтаар баталсан “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг үндэсний хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлэхэд ихээхэн анхаарч байгааг тэмдэглэн хэлэв. Ялангуяа уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, байгалийн нөөц баялгийг зүй зохистой ашиглах, усны нөөцийн менежментийг сайжруулах,  цөлжилт, газрын доройтолтой тэмцэх чиглэлээр тодорхой өөрчлөлтийг хийх шаардлага хэрэгцээ байгааг онцлов.