Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх чуулга уулзалтын үеэр буюу 4 дүгээр сарын 19-ний өдөр “Даян дэлхийн хөгжлийн санаачилгын хүрээний шинэ ахиц дэвшил, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг дэмжих шинэ алхмууд” симпозиумд уригдан оролцож, үг хэлэв.
БНХАУ-ын Олон улсын хөгжил, хамтын ажиллагааны агентлаг, тус улс дахь НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газраас хамтран зохион байгуулсан эл симпозиумд Даян дэлхийн хөгжлийн санаачилгын “Анд нөхдийн бүлэг”-ийн гишүүд, дэмжигч улсууд, НҮБ-ын байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Симпозиумын эхэнд БНХАУ-ын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн дарга Луо Заохуи “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”-ын хүрээний үйл ажиллагаа, хэтийн зорилго, чиглэлийн талаар үндсэн илтгэл тавьж хэлэлцүүлсэн.
Шадар сайд Ч.Хүрэлбаатар эл симпозиумд хэлсэн үгийнхээ эхэнд Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудал тулгамдаж буй энэ үед “Даян дэлхийн хөгжлийг дэмжих санаачилга” нь НҮБ-ын гишүүн улсуудын хооронд бодлогын хэлэлцээг өрнүүлэх, сайн туршлага хуваалцах, практик хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал талбар болон хөгжиж байгаад баяр хүргэв.
Улмаар Монгол Улс нь “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг урт болон дунд хугацааны хөгжлийн баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангах явцдаа ойрын хөрш БНХАУ-тай стратегийн түншлэлээ улам бүр бэхжүүлэх, түүний дотор тус улсын “Бүс ба зам”, “Даян дэлхийн хөгжлийг дэмжих санаачилга” зэрэг сүүлийн үеийн дорвитой санаачилгуудын хүрээнд идэвхтэй хамтран ажиллахыг зорьж байна гэлээ. Ирээдүйн хамтын ажиллагааны төслүүд дотор дэд бүтэц, хил дамнасан худалдаа, эдийн засгийг солонгоруулах, экспортын барааны үйлдвэрлэлийг дэмжих төслүүдийг тэргүүлэх чиглэл болгож байгаа ажээ.