2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы үеэр БНЧУ-ын Гадаад хэргийн сайд Любомир Заоралектэй уулзав.
Уулзалтын эхэнд Л.Заоралек Монголын сайхан оронд зочилж байснаа таатайгаар дурсдаг гээд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид мэнд дэвшүүлж, сайд Ц.Мөнх-Оргилыг боломжтой цагтаа БНЧУ-д айлчлахыг урилаа.
Сайд Л.Заоралек Монгол-Чехийн хамтын ажиллагаа өргөжиж байгаад сэтгэл хангалуун явдагаа илэрхийлэв. Тухайлбал, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Чехийн аж ахуйн нэгжийн тоо нэмэгдэж байна гээд тус улсын тусламжаар хэрэгжсэн Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийг нөхөн сэргээх, сайжруулах төслийг дурдаж энэ төрлийн хөгжлийн төслүүд хэрэгжүүлвэл үлдэц сайтай гэдгийг тэрбээр онцлов.
Сайд Ц.Мөнх-Оргил эдийн засгийн хамтын ажиллагаанд хувийн хэвшлийг татан оролцуулахын чухлыг онцолж, монголчууд олон улсын стандартад нийцсэн, үнийн хувьд өрсөлдөх чадвартай Чехийн бараа үйлчилгээг худалдаж авах дуртай байдаг гэв. Тэрээр мөн Чех улсад ажиллаж амьдарч буй монгол иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг нааштайгаар шийдвэрлэж байгаад талархал илэрхийлэв.
Олон жилийн уламжлалт харилцаатай хоёр орны иргэд хоорондын аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, агаарын үйлчилгээний салбарт хамтрах боломж бололцоо байгааг хоёр тал санал нэгтэй тэмдэглэв.
Монгол Улс ба Чех, Европын Холбооны бусад улсын харилцаа өргөжиж байгаа тул Улаанбаатар дахь Чехийн Элчин сайдын яамыг хүний нөөц, техникийн хувьд бэхжүүлэх төлөвлөгөөтэй байгааг сайд Любомир Заоралек мөн уулзалтын үеэр дуулгав.