United Nations Welcome to the United Nations. It's your world.

ЦӨМИЙН ЗЭВСГИЙГ БҮРЭН УСТГАХ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭХ ӨНДӨР ТҮВШНИЙ УУЛЗАЛТ БОЛОВ

Date: 
Wednesday, 30 September 2026

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр Нью-Йорк хотноо энэ 9 дүгээр сарын 29-ний өдөр болсон Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдрийг тэмдэглэх өндөр түвшний уулзалтад Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр оролцож, үг хэлэв.

Олон улсын аюулгүй байдлын орчин улам эмзэг болж, стратегийн өрсөлдөөн ширүүсэж, харилцан итгэлцэл буурч буй өнөөгийн нөхцөлд цөмийн зэвсгийг хураах чиглэлээр тууштай хүчин чармайлт гаргахын ач холбогдлыг Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв.

Түүнчлэн тэрбээр цөмийн зэвсэггүй бүсүүд нь улс орнуудын хамтын ажиллагаа, эрх зүйн баталгаатай үүрэг амлалт, итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээний бодит үр дүн болохыг тэмдэглэж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79/241 дүгээр тогтоолын дагуу байгуулагдсан тусгай шинжээчдийн бүлэг цөмийн зэвсэггүй бүсийн асуудлаарх иж бүрэн судалгааг энэ онд амжилттай дуусгасныг сайшаан тэмдэглэхийн сацуу Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын туршлагадаа тулгуурлан уг үйл явцад хувь нэмрээ оруулсныг онцлон тэмдэглэв.

Энэ удаагийн өндөр түвшний уулзалтад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы дарга Халилур Рахман болон 100 орчим гишүүн, ажиглагч улсын төлөөлөгчид оролцож, цөмийн зэвсгийг бүрэн устгах зорилтыг урагшлуулах асуудлаар байр сууриа илэрхийлэв.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2013 онд баталсан 68/32 дугаар тогтоолоор жил бүрийн 9 дүгээр сарын 26-ны өдрийг Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдөр болгон зарласан бөгөөд 2014 оноос тэмдэглэж ирсэн. Тус өдөр нь цөмийн зэвсгийн хүн төрөлхтөнд учруулж буй аюул занал, түүнийг бүрэн устгах зайлшгүй шаардлагын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой.

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

2026 оны 9 дүгээр сарын 30