United Nations Welcome to the United Nations. It's your world.

ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ (UNCCD COP17)-ЫН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ УЛААНБААТАР ХОТНОО БОЛЛОО

Date: 
Monday, 17 August 2026

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) 2026 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотноо албан ёсоор нээлтээ хийлээ. Тус бага хурал 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд “Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” (“Restoring Land. Restoring Hope.”) сэдвийн дор болох юм.

Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад, Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн дэд сайд, UNCCD COP16-ын дарга доктор Осама Ибрахим Факиха, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар оролцож, үг хэлэв.

Нээлтийн үеэр UNCCD COP16-ыг даргалагч Саудын Арабын Хаант Улсаас Монгол Улсад бага хурлыг даргалах үүргийг албан ёсоор шилжүүлж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг UNCCD COP17-ын Даргын үүргийг хүлээн авлаа.

UNCCD COP17-ын Дарга Б.Батцэцэг хэлсэн үгэндээ Монгол Улс бага хурлын үйл ажиллагааг нээлттэй, ил тод, хүртээмжтэй, зөвшилцөлд суурилсан зарчмаар удирдан явуулж, талуудын байр суурийг ойртуулах, яриа хэлэлцээг урагшлуулах, бодитой, тэнцвэртэй шийдэлд хүрэхэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр мөн цөлжилт, газрын доройтол, гангийн сорилтыг даван туулахад олон улсын хамтын нийгэмлэгийн эв нэгдэл, бодит үйл ажиллагаа, хамтын хүчин чармайлт чухал болохыг онцлов.

Хоёр долоо хоног үргэлжлэх UNCCD COP17-ын хүрээнд конвенцын Талууд, НҮБ болон олон улсын байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшил, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, орон нутгийн болон уугуул иргэдийн төлөөлөл өргөнөөр оролцож, газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэржилт, ус, бэлчээрийн тогтвортой менежмент, хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэнд, санхүүжилт зэрэг харилцан уялдаатай асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, бодит үр дүнд чиглэсэн шийдлүүдийг тодорхойлох юм.

Монгол Улс UNCCD COP17-ыг зохион байгуулагч болон даргалагч орны хувьд Талуудын яриа хэлэлцээг үр дүнд хүргэх, цөлжилт, газрын доройтол, гангийн эсрэг дэлхий нийтийн хамтын хүчин чармайлтыг эрчимжүүлэхэд идэвхтэй хувь нэмэр оруулахыг чармайн ажиллахыг зорьж байна

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

2026 оны 8 дугаар сарын 17