Нью-Йорк хотноо 6 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцийн оролцогч талуудын 9 дүгээр бага хурал болж байна. Конвенцийн талууд болох 164 орны төлөөлөгч оролцож буй уг хурлаар 2030 он хүртэлх хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх явцад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах арга замын тухай ерөнхий хэлэлцүүлгээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дундах ядуурлыг арилгах, оюуны хомсдолтой иргэдийн эрхийг хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэдээлэл, технологийн хүртээмжийг сайжруулах асуудлаар дугуй ширээний хэлэлцүүлгүүд өрнөж байна.
Конвенцийн хурал болон Хүний эрхийн асуудал эрхэлсэн НҮБ-ын Дээд комиссарын алба, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Хүний эрхийн үндэсний байгууллагуудын дэлхийн холбооноос зохион байгуулах гурван талт түншлэлийн уулзалтад Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Энэ үеэр Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа БТГ-аас НҮБ-ын Төв байранд 6 дугаар сарын 14-ний өдөр Хүний эрхийн Үндэсний байгууллагуудын холбоо, Ази, Номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний байгууллагуудын форумтай хамтран "Demonstrating the work of National Human Rights Institutions on the rights of persons with disabilities and the value of their participation in the United Nations Conference of State Parties of the Convention on the Rights of Persons with Disabilities" сэдэвт, 6 дугаар сарын 15-ны өдөр НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар, Итали, Аргентин, Намиб улсын БТГ-тай хамтран “Mental health in the context of 2030 Agenda: Moving from global commitment to local action” сэдэвт арга хэмжээг тус тус амжилттай зохион байгууллаа.