United Nations Welcome to the United Nations. It's your world.

ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖҮҮЛЭХ ОРНЫ ХӨТӨЛБӨР БАТЛАГДАВ

Date: 
Wednesday, 07 September 2016

Нью-Йорк хотноо 2016 оны 9 дүгээр сарын 6-7-ны өдөр болсон НҮБ-ын Хүн амын сангийн Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар НҮБ-ын Хүн амын сангаас 2017-2021 онд Монгол Улсад хэрэгжүүлэх Орны хөтөлбөр (Country Programme Document 2017-2021) батлагдлаа.

Гүйцэтгэх зөвлөлийн хуралд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд оролцож үг хэлэв. Тэрээр НҮБ-ын Хүн амын сангийн өмнөх таван хөтөлбөр нь Монгол Улсын эхчүүд, эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэнд, эрхийн хамгаалал болон нийт хүн амын хөгжилд онцгой хувь нэмэр оруулсаар ирснийг үгийнхээ эхэнд тэмдэглэв. Улмаар 2017-2021 онд хэрэгжүүлэх Орны шинэ хөтөлбөрийн төслийг Монголын төр, төрийн бус байгууллагууд, холбогдох талуудын оролцоотойгоор боловсруулсан, мөн хөтөлбөр дэх бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрх, залуучууд хөгжил, жендэрийн эрх тэгш байдлыг нэмэгдүүлэх ерөнхий чиглэлүүд нь Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр болон Монгол Улсын Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн холбогдох заалтуудад бүрэн нийцэж байгаа нь сайшаалтай гэв.

Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар Ази-Номхон далайн бүс нутгаас манай улсаас гадна Бангладеш, БНАСАУ, БНАЛАУ, Иран, Тайланд, Вьетнам улсад хэрэгжүүлэх Орны хөтөлбөрүүд мөн батлагдав.