United Nations Welcome to the United Nations. It's your world.

ХҮНИЙ ЭРХИЙН МЕХАНИЗМЫН ХЭРЭГЖҮҮЛЭЛТИЙН АСУУДЛААР МОНГОЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ ҮГ ХЭЛЛЭЭ

Date: 
Wednesday, 04 November 2015

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд 11 дүгээр сарын 4-ний өдөр Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы 3 дугаар хорооны бүгд хуралдаанд Хүний эрхийн механизмын хэрэгжүүлэлтийн асуудлаар үг хэлэв.

Тэрээр үгийнхээ эхэнд дэлхий дахинд хүний эрхийг хөхиүлэн хамгаалах үйлсэд НҮБ, түүний системийн байгууллагуудын  оруулж буй хувь нэмрийг Монгол Улсын Засгийн газар өндрөөр үнэлдэгийг дурдсан ба улмаар хүний эрхийн талбарт үндэсний хэмжээнд гарч буй ахиц дэвшил, өөрчлөлтийн талаар гишүүн орнуудад танилцуулав.    

Сүүлийн хоёр жилд Монгол Улс “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцийн нэмэлт протокол”, “Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай” олон улсын конвенц”, "Хүүхдийн эрхийн тухай конвенцийн мэдээлэл хүргүүлэх журмын тухай нэмэлт протокол" болон "Мөнгөн усны тухай Минаматагийн конвенц"-ийг соёрхон баталсан тухай Элчин сайд, Байнгын төлөөлөгч хэлсэн үгэндээ тэмдэглэв.

Тэрээр цааш дотоодын хууль тогтоомжийг олон улсын гэрээ, конвенцийн заалтуудтай нийцүүлэх ажлын хүрээнд Эрүүгийн хууль, Хүний эрхийн үндэсний Комиссын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын хууль, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль, Хөдөлмөрийн хууль зэрэг хууль тогтоомжийн өөрчлөлтийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэх ажлын явцын тухай өгүүлэв. Мөн энэ оны 5 дугаар сард  Женев хотноо Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR) амжилттай болж өнгөрснийг дурдаад UPR-ийн зөвлөмжийг хэрэгжүүлэхэд олон нийтийн дунд мэдээлэл сурталчилгааны ажил, хэлэлцүүлэг өрнүүлэхийн чухлыг онцлов.                     

Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд үгийнхээ төгсгөлд тус улс өөрийн нэгдэж орсон олон улсын гэрээ, конвенцийг үр дүнтэй, бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн төлөө урьдын адил тууштай ажиллаж буйг нотолсон ба мөн саяхан болж өнгөрсөн НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 2016-2018 оны сонгуульд Монгол Улсыг дэмжиж санал өгөн, хүний эрхийг сахин хамгаалах бүх нийтийн үйлсэд зүтгэх боломж олгож, итгэл хүлээлгэсэн гишүүн орнуудад чин сэтгэлийн талархал илэрхийлэв.