United Nations Welcome to the United Nations. It's your world.

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Date: 
Friday, 08 July 2022

Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтын хүрээнд буюу 7 дугаар сарын 7-ны өдөр Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн газар (DESA), Хоршооллын олон улсын холбоо (COPAC) хамтран “Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд хоршооллын гүйцэтгэх үүрэг” сэдвээртусгай арга хэмжээг холимог хэлбэрээр зохион байгуулав. Тусгай арга хэмжээнд 300 гаруй оролцогч оролцов.

Тусгай арга хэмжээний үеэр НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Даниела Бас, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч В.Энхболд болон Испанийн Хөдөлмөр, нийгмийн эдийн засгийн яамны Нийгмийн эдийн засаг ба бизнесийн нийгмийн хариуцлагын газрын Ерөнхий захирал Маравияс Эспин Саэз нар нээлтийн үг хэлэв. Элчин сайд, Байнгын төлөөлөгч В.Энхболд хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газраас хоршооллыг дэмжих чиглэлд хэрэгжүүлж буй бодлогыг танилцуулж, цар тахлын дараа эдийн засгийг дахин сэргээхэд хоршооллын гүйцэтгэж буй үүргийн талаар мэдээлэв. Испани Улс нийгмийн эдийн засгийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр хөгжүүлж, хоршооллын хөгжил, түншлэлийг дэмжиж ажиллаж байгаа туршлагаасаа хуваалцав.

Тусгай арга хэмжээнд оролцсон улс орнууд Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтын хүрээнд Үндэсний сайн дурын илтгэл (Voluntary National Review-VNR)-ээ танилцуулахдаа хоршоолол нь тогтвортой хөгжлийн чухал зорилтууд болох ядуурлыг хоршооллын оролцоог хангаж, тэдгээрийн сайн туршлагыг дурдсанаа тэмдэглэв.

Хоршоолол нь ядуурлыг бууруулах, жендэрийн тэгш байдлыг хангах, эрүүл байх, сайн ажил хөдөлмөртэй байх, байгаль орчноо хамгаалах, түншлэлийг хөгжүүлэх зэрэг зорилтуудыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд ТХЗ-уудын хэрэгжилтийг эрчимжүүлэхийн тулд хоршооллын загварыг цаг алдалгүй улам хүчтэй хөгжүүлэх шаардлагатайг хоршооллын төлөөлөл тэмдэглэв.

Эцэст нь, НҮБ-ын гишүүн орнууд Үндэсний сайн дурын илтгэлээ боловсруулахдаа хоршооллын үүрэг, оролцооны талаар тусгах хүсэлтэй байгаа тохиолдолд Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас техникийн туслалцаа үзүүлэх боломжтой бөгөөд хүсэлт гаргасан улс орнуудтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа ОУХБ-ын Тогтвортой хөгжлийн ахлах зохицуулагч Вольфганг Шийфэр мэдэгдэв.