Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Нийгмийн хөгжлийн комиссын 61 дүгээр чуулганы хүрээнд буюу 2 дугаар сарын 8-ны өдөр Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн газар (DESA), Хоршооллын олон улсын холбоо (COPAC) хамтран “Аж ахуйн нэгж, хоршоолол ба Тогтвортой хөгжлийн зорилт 2030” хэрэгжилтийг эрчимжүүлэхэд хоршооллын гүйцэтгэх үүрэг” сэдвээр тусгай арга хэмжээг холимог хэлбэрээр зохион байгуулав.
Тусгай арга хэмжээнд Кенийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд хатагтай Флорэнс Бор, Люксембург Улсад төвтэй “CSM Ingredients” компанийн Гүйцэтгэх захирал Алдо Ува, Нью-Йорк хотноо төвтэй “Тата консалтинг” компанийн нийгмийн хариуцлагын газрын захирал Лина Клебанов, Хоршооллын олон улсын холбоо (COPAC)-ын дарга Бруно Роелэнтс нар оролцож туршлага хуваалцав.
Арга хэмжээг нээж НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Даниела Бас, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч В.Энхболд нар нээлтийн үг хэлэв. Элчин сайд, Байнгын төлөөлөгч В.Энхболд хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газраас хоршооллыг дэмжих чиглэлд хэрэгжүүлж буй бодлогыг танилцуулж, аж ахуйн нэгжүүдийн нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцуулав.