2016 оны 7 дугаар сарын 11-ний өдөр НҮБ-ын төв байранд Хоршооллын олон улсын өдрийг тохиолдуулан "Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шинэлэг арга барилыг ашиглах тухай" арга хэмжээг зохион байгуулав.
Монгол ба Итали улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрууд, Олон улсын хоршооллын холбооноос хамтран зохион байгуулсан уг арга хэмжээнд Ботсван, Аргентин улсын засгийн газрын төлөөлөгчдөөс гадна НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, Дэлхийн банк зэрэг банк санхүүгийн салбар, иргэний нийгмийн төлөөлөл оролцов. Түүнчлэн уг арга хэмжээ нь эдгээр өдрүүдэд НҮБ-ын Төв байранд болж буй Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний уулзалтын хүрээний албан ёсны арга хэмжээний нэг хэмээн тооцогдож буйгаараа онцлог байв.
"Хүний эрх, сайн сайхны төлөөх НҮБ-ын дүрэм ба хүнд чиглэсэн Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад хүн төвтэй хоршооллын үүрэг өндөр тул бид дэлхий дахины хоршооллын хөдөлгөөнийг онцгой анхаарч дэмждэг юм" гэж арга хэмжээг нээж үг хэлсэн НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн газрын Нийгмийн бодлого, хөгжлийн хэлтсийн дарга Даниела Бас цохон тэмдэглэв. Хоршоолол бол Олон улсын хөдөлмөрийн байгууллагын техник үйл ажиллагааны 14 чиглэлийн нэг тул Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд улам бүр олон ажлын байр бий болгох чиглэлээр улс орнуудтай хамтран ажиллаж байгааг тус байгууллагын төлөөлөгч танилцуулсан бол Дэлхийн банкнаас Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжүүлэлт, мэдээ мэдээлэл ба санхүүжилтын чиглэлээр түлхүү анхаарч байгаа ажээ.
Тус арга хэмжээнд Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд үг хэлж, үндэсний туршлагаас хуваалцсан ба мөн энэ онд баталсан Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 баримт бичигт хоршоолол ба жижиг дунд бизнесийн салбарыг нийгмийн тогтвортой хөгжлийн чухал хэсэг хэмээн үзэж дэмжиж хөгжүүлэхээр заасныг дурдлаа.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47/90 тогтоолын дагуу 1995 оноос хойш жил бүрийн 7 дугаар сарын эхний Бямба гарагийг Хоршооллын олон улсын өдөр болгон тэмдэглэх болсон ба энэ жил уг өдрийг "Хоршоолол: Тогтвортой ирээдүйн төлөө" хэмээх уриан доор тэмдэглэв.